Газрын Дундад тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Газрын дундад тэнгис» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Сансрын хиймэл дагуулаас авсан зураг

Газрын дундад тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно.

Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотам (Хоёр мөрний хөндийн) зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ.

Нэр[засварлах | edit source]

Газрын дундад тэнгисийн англи хэлэн дэх "Mediterranean" гэдэг нэр нь латин хэлний "mediterraneus" (газруудын хоорондох, дэлхийн дундах) буюу газрын дундах (medius, "дундах" + terra, "газар", "дэлхий") гэдэг үгнээс гаралтай.

Газрын дундад тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсaн нь баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол латин хэлний "Mare Nostrum" буюу "Бидний тэнгис" гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол "Аугаа их тэнгис" эсвэл "Баруун тэнгис" гэж гарч ирдэг.

Орчин үеийн Еврей хэлэнд "הים התיכון" (ha-Yam ha-Tichon), эсвэл "дундад тэнгис" гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол герман хэлэнд "Mittelmeer" гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол "Akdeniz" буюу "Цагаан тэнгис" хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол "البحر الأبيض المتوسط (Al-BaHr Al-Abiad Al-Muttawasit)" буюу "дундад цагаан тэнгис" гэгддэг.

Сүүлийн үед "The Med" гэж хэлэгдэж байгаа нь Газрын дундад тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм.

Газар зүй[засварлах | edit source]

Газар Дундын тэнгис

Газрын дундад тэнгис нь Европ, Ази, Африк тивүүдийн дунд оршдог, эх газрын дунд орших дотоод тэнгис бөгөөд баруун талаараа Атлантын далайтай Гибралтарын хоолойгоор холбогддог. Эртний Ромчууд энэ тэнгисийг эх газрын дунд бүрэн түгжигдсэн байдаг гэж үздэг байсан бөгөөд бидний тэнгис /Mare Nostrum/ гэж нэрлэдэг байв. Газрын дундад тэнгист хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд Хар тэнгис, Дарданеллийн хоолой, Мраморын тэнгис, Босфорын хоолойгоор дамжин холбогддог ба улмаар задгай далайд гарах гарц нь болдог. Европын холбооны улсууд болон АНУ нь Газрын дундад тэнгисийг ашиглан Ливи, Алжираас, Суэцийн сувaгийг ашиглан Персийн булангийн орнуудаас түүхий газрын тос татаж авдаг улс төр, эдийн засгийн чухал бүс нутаг юм.

Газрын дундад тэнгис нь 2509000 кв.км гадаргууг хамран оршдог бөгөөд баруун эргээсээ зүүн эрэг хүртэлх хамгийн хол зай нь 3900 км, өргөнөөрөө 1600 км хүрдэг. Ерөнхийдөө гүехэн, дундаж гүн нь 1500 метр ба Грекийн өмнөд эрэг орчмоор 5150 метрт хүрдэг нь хамгийн гүн хэсэг нь юм. Энэ газарт 30 сая жилийн өмнө байсан Тефис гэж нэрлэдэг эртний далай байжээ. Энэ далай нь Еврази болон Африкийн эх газруудын хоорондоо ойртох тектоник хөдөлгөөний үйлчлэлээр шахагдан жижгэрч үлдсэн хэсэг нь өнөөгийн Газрын дундад тэнгис болжээ гэж үздэг байна. Энэ тектоник хөдөлгөөн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Итали даяарх идэвхитэй галт уулууд, Этна, Везувий галт уулын тэсрэлтүүд, Итали, Грек, Туркэд болж буй олон удаагийн газар хөдлөлтүүд үүний илрэл юм. Тунисаас Сицили арал хүртэл тэнгисийн ёрооолын тавцанд усан доорхи нуруу үүсч байгаа бөгөөд энэ нь аяндаа Газрын дундад тэнгисийг баруун, зүүн хэсэгт хуваах төлөвтэй байна. Гадагш задгай далайд холбогдож байгаа Гибралтарын нарийн хоолой нь хангалттай хэмжээний усны солилцоог хийж чадахгүй байгаа тул Газрын дундад тэнгис нь Атлантын далайгаас илүү шорвог, давсархаг болсон байдаг.

Тус тэнгист Мальт, Сицили арлууд далайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой байрласан байдаг. Мөн Балеарик /Испани/, Корсик /Франц/, Сардини /Итали/, Кипр, Ион, Кикладес, Додеканес болон Эгейн арлууд /Грек/ нилээд чухал ач холбогдолтой байна.

Газрын дундад тэнгисийн дотор Тиррений тэнгис (Баруун Итали орчимд), Адриатын тэнгис (Итали болон Балканы хойгийн хооронд орших), Эгейн болон Ионы тэнгис (Грек) оршин байдаг. Тус тэнгист Барселон, Марсель, Генуя, Триест, Хайфа гэх мэт олон чухал боомтууд байдаг ба Эбро, Рэйн, По, Нил зэрэг томоохон мөрнүүд цутгадаг.

Гол арлууд[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Mediterranean Sea