Турк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Түрк Улс
түркээр Türkiye Cumhuriyeti
Төрийн дууллын нэр:
İstiklâl Marşı → «Тусгаар тогтнолын марш»

Нийслэл Анкара
Том хот Стамбул
Албан хэл Түрк хэл
Ард түмэн 
(2008[1] он)
70–75% - Түрк үндэстэн
      18% - Курд үндэстэн
  7–12% - бусад ард түмэн
Олон түмэн Түркийнхэн
Түрк улсынхан
Түркийн ард түмэн
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Абдулла Гюль (2007–)
 -  Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоан (2003–)
Улсын хурал түрк. Türkiye Büyük Millet Meclisi
→ «Түрк улсын их хурал»
Түүх
 -  1918-10-30 Османы улс дайнд ялагдсан 
 -  19191923 Чөлөөлөх дайн дэгдсэн 
 -  1923-10-29 БНТУ тунхаглагдсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 783,562 км2 (37)
 -  Гадаргын ус (%) 1.3 %
Хүн ам
 -  Тооцоо (2010) 73,722,988 (18)
 -  Тооллого (2000) 67,803,927 
 -  Нягт сийрэг 94.1 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $1.073 их наяд[2] (16)
 -  Нэг хүнд $14,517[2] (64)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $778.089 их наяд[2] (18)
 -  Нэг хүнд $10,522[2] (62)
ОТББИ (2010) 40.0[3] (58)
ХХИ (2013) 0.722 (сайн) (90)
Мөнгөний нэгж Түркийн лир (TRY)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .tr
Утасны томьёо +90

Турк (Туркээр Türkiye), албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хөвөөлөгдөнө. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Истанбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар бий.

Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрхи Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.

Хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Нэр[засварлах | edit source]

Түрк үндэстэн голлон амьдардаг учир энэ улс орныг Түрк гэнэ. Түрк хэлээр [түүрькие] гэж хэлээд Türkiye гэж бичдэг. Үүнээс монголоор [Тү́рк] / [Түүрк] гэж дуудна. Мөн Монгол улсынхан Турк гэж бичээд [Туурк] гэж дуудаж хэвшсэн. Харин худам монголоор яаж ч хэлсэн "түрк" гэж бичдэг. Энэ хос нэр нь Түрэгийн Билгэ хааны хөшөөнөө түрүк (худам монголоор түрүг, халимаг кирилээр түрг) гэж бичсэн «Түрэг» гэдэг үгний балархай эгшиг гээгдэж богиноссон хэлбэр бололтой. Удаах үе -ие нь Араб хэл бичгийн -ияя, Грек, Латин, Англи -иа, Орос -ия гэдэгтэй дүйх монголоор «-ын газар», «орон», «улс» гэсэн утгат дагавар юм. Сонирхвол энэ улсыг англиар Turkey [төөрки], оросоор Ту́рция, хасагаар Түркия, хятадаар 土耳其 [түөрци] гэдэг.

Улс төр[засварлах | edit source]

Режеп Тайип Эрдоган

Өнөөгийн Түрк улс бол парламентийн эрх мэдэл давамгайлсан төлөөллийн ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж бүхий бүгд найрамдах засагтай улс юм. БНУ болсон 1923 оноос хойш шашин төр хоёрыг ангид болгож хэвшүүлжээ.[4] Өнөөдөр үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан. Түркт өмнө нь 1876, 1921, 1924, 1961 онуудын үндсэн хууль үйлчилж байжээ. Улсын ерөнхийлөгч бол тус улсын төрийн тэргүүн. Таван жилээр сонгогддог ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай байна. 2007 онд Абдулла Гюль тус улсын 11 дугаар ерөнхийлөгч болон сонгогджээ.[5] Ерөнхий сайд сайд нараа томилж, засгийн газраа бүрдүүлж төрийн бодлого үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлдэг. Улсын хурал (парламент) нь нэг танхимт Түрк Улсын Их Хурал (товчоор ТУИХ, түркээр Türkiye Büyük Millet Meclisi) болно. Шүүх эрх мэдэлд хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх мэдэлтэн нөлөөлж чадахгүй. Улсын шүүх (Danıştay) нь төр засгийн маргааныг шийддэг бол бусад зарга маргааныг Зарга таслах газар (Yargıtay) авч хэлэлцдэг.[6]

Түрк улсын их хурлын танхимд АНУ-ын Обама үг хэлж байгаа нь

ТУИХ-д давуу суудал эзлэсэн намын дарга ерөнхий сайд болдог уламжлал бараг тогтжээ. Өнөөгийн ерөнхий сайд 2003 оноос хойш гурван удаа дараалан сонгогдоод байгаа Режеп Тайип Эрдоан юм.[7] Сайд хүн улсын хурлын гишүүн байх ёсгүй боловч гишүүн давхар сайдын ажилтай байх нь Түркт ердийн үзэгдэл болчихсон. Улсын хурлын 550 суудлыг сонгуулийн 85 тойрогт намуудын цуглуулсан дэмжлэгийг нэгтгэн хувь тэнцүүлж намын жагсаалтын дээрээс эхлэн оноодог. 2004 онд 50 нам бүртгэлтэй байсан.[8] Шашнаар ялгаварлах, улсыг салган бутаргах үйлдэл илэрвэл намын санхүүжилт, үйл ажиллагааг улсын шүүх хорьдог.[9][10]

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Их хорин орны тоонд Түрк улс багтдаг

Түрк улс НҮБ (1945), ЭЗХАХБ (1961), ИШОБ (1969), ЕАБХАБ (1973), ЭЗХАБ (1985), ХТХЭЗХАБ (1992), Хө-8 (1997), Их 20 (1999) зэрэг олон улсын байгууллага холбоодыг анх байгуулцаж, гишүүн болсон юм. БНТУ ер нь Азийн гэхээсээ эдийн засгийн хөгжил ойр Европын орнуудтай илүү дотно хамтарч ажилладаг. Тухайлбал хүйтэн дайны үед УАЦЭ (НАТО)-д 1952 онд гишүүнээр элсэж, ЗХУ-г сөрөх АНУ-ын холбоотон болж байсан бөгөөд 1987 онд ЕЭЗХН-т гишүүн элсэж, 2005 онд Европын Холбоо (ЕХ)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан.[11] Түрк 1974 онд БНКипУ-тай харьцаа муудаж, улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин Киприйн умард хагаст 1983 онд Кипрээс тусгаар тогтносон УКБНТҮ (Умар Кипр)-ийг хүлээн зөвшөөрсөн цор ганц улс болжээ.[12] Бүрэн эрхт Кипр улсыг салгаж хуваасан энэ хэргээс болж Түрк ЕХ, УАЦЭ (НАТО)-ээс зэмлэл хүртэж, ЕХ-д элсэж чадахгүй байгаа юм.[12] 1991 онд ЗХУ задарснаас хойш шинээр үүссэн Түрэг угсаатны Азербайжан болон Дунд Азийн орнуудтай хэл соёл, эдийн засаг, улс төрийн сайн харилцааг өргөжүүлжээ.[13]

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Түрк улсын төрөөс бүхэл орноо 81 «ил» (il, цар хүрээгээр нь монголчловол «аймаг») болгон хувааж засч захирдаг. Аймгууд дотроо 923 «илчэ» (ilçe, цар хүрээгээр нь монголчловол «сум») болж хуваагдана. 81 аймгаа ойр шадраар нь 7 «бөлгэ» (bölge, үгээр нь монголчловол «бүлэг», утгаар нь «муж», аль эсвэл «бүс») болгон бүсчлэх юм уу мужлан хөгжүүлдэг.

Өдгөө нэг ил (аймаг)-д дунджаар 9670 км2 газар, 933,000 хүн ноогдож байна. Тэдгээрийн нэр, хил хязгаарыг доор харууллаа.

Анкара
Кыркларели
Эдирне
Текирдаг
Чанаккале
Балыкесир
Бурса
Ялова
Стамбул
Кожаэли
Сакарья
Дюзже
Зонгулдак
Болу
Билежик
Эскишехир
Кютахья
Маниса
Измир
Айдын
Мугла
Денизли
Бурдур
Ушак
Афьонкарахисар
Ыспарта
Анталья
Конья
Мерсин
Караман
Аксарай
Кыршехир
Кырыккале
Чанкыры
Карабюк
Бартын
Кастамону
Синоп
Чорум
Йозгат
Невшехир
Нигде
Адана
Хатай
Османие
Кахраманмараш
Кайсери
Сивас
Токат
Амасья
Самсун
Орду
Гиресун
Эрзинжан
Малатья
Газиантеп
Килис
Шанлыурфа
Адыяман
Гюмюшхане
Трабзон
Ризе
Байбурт
Эрзурум
Артвин
Ардахан
Карс
Агры
Ыгдыр
Тунжели
Элязыг
Диярбакыр
Мардин
Батман
Сиирт
Ширнак
Битлис
Бингёль
Муш
Ван
Хаккяри
Desc-20.png


Газар орон[засварлах | edit source]

Түрк орны байр зүйн газрын зураг

Түрк орон 800 км өргөн, 1600 км урт бүхий бараг тэгш өнцөгт хэлбэрийн 783,562 км2 газрыг эзлэн оршдог.[14] Газар нутгийн хэмжээгээр 37-р том орон бөгөөд Европ Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал харгуй болжээ.[15] Түркийн нийт нутгийн 97% (үндсэндээ Анатолийн хойг) нь Ази, 3% (дорно Фрак) нь Европ тивд харъяалагддаг.[16] Энэ хоёр хэсгийг Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданелийн хоолой гурав цувран заагласан байна. Түрк орныг өрнө өмнө зүгээс Газрын дундад тэнгис, өрнөөс Эгейн тэнгис, умраас Хар тэнгис хүрээлж, дорно зүгийн урт зурвасаар бусад улстай хиллэдэг. Тухайлбал дорно талаараа Гүрж (252 км зурвасаар хиллэнэ), Армен (268 км), Азербайжан (9 км), Иран (499 км), Ирак (352 км), Сири (822) таван улстай, Европын өрнө талаараа Грек (240 км) Болгар (206 км) хоёртой хил залгадаг. Нутгийн ихэнх нь субтропикийн уур амьсгалтай. Хар тэнгисийн эрэг дагуу 3000 мм хүртэл тунадас унадаг. Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутаг хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог. Дорнод уулсаас Тигр, Евфрат, Аракс, Кызылырмак, Их Мендерес зэрэг томоохон гол мөрөн эх авч урсдаг. Гол мөрнийг газар тариаланд өргөн ашигладаг.[17] Мөн энд Арарат уул (5,137 м), Ван нуур (3,755 км2) нь байдаг..

Нийгэм[засварлах | edit source]

Боловсрол[засварлах | edit source]

Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.

Соёл [засварлах | edit source]

Тамир, спорт[засварлах | edit source]

«Галатасарай» багийн шинэ талбай - Али Сами Ен тамирын цогцолбор

Хөлбөмбөг бол Түрк улсад хамгийн их дэлгэрсэн тамир, спорт юм.[18] Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче», «Галатасарай», «Бешикташ», «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ. Түрк улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг.[19] НБА-д тоглодог Хидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Түркийнхэн хүч чадлын спортод сайн. Түрк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг.[20] Чөлөөт, сонгомол барилдаанаар Яшир Догу мэтийн алдартадтай.[21] Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаас Наим Сулейманоглу, Халиль Мутлу хоёр домог болсон.

Зургийн цомог[засварлах | edit source]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. The World Factbook :Turkey
  2. 2.0 2.1 2.2 2.3 IMF World Economic Outlook Database, April 2012. International Monetary Fund (2012).
  3. Gini Index. World Bank.
  4. Çarkoğlu, Ali (2004). Religion and Politics in Turkey
  5. BBC. Turks elect ex-Islamist president
  6. Turkish Directorate General of Press and Information (2001-10-17). "Turkish Constitution]". Turkish Prime Minister's Office.
  7. "Erdogan’s sudden crackdown rocks Istanbul"
  8. Turkish Directorate General of Press and Information (2004-08-24). "Political Structure of Turkey". Turkish Prime Minister's Office.
  9. BBC. Euro court backs Turkey Islamist ban
  10. BBC. "Turkey's Kurd party ban criticised"
  11. "Chronology of Turkey-EU relations". Turkish Secretariat of European Union Affairs
  12. 12.0 12.1 Mardell, Mark (2006-12-11). "Turkey's EU membership bid stalls". BBC.
  13. İdris Bal (2004). Turkish Foreign Policy In Post Cold War Era.
  14. "UN Demographic Yearbook, accessed April 16, 2007". (PDF)
  15. Immerfall, Stefan. Handbook of European Societies: Social Transformations in the 21st Century. Springer, 417–. ISBN 978-0-387-88198-0. 
  16. Turkey. Turkish Odyssey.
  17. Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь - III боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988
  18. Burak Sansal. Sports in Turkey. allaboutturkey.com.
  19. Historic achievements of the Efes Pilsen Basketball Team. Anadolu Efes Spor Kulübü
  20. Burak Sansal (2006). "Oiled Wrestling".
  21. Gegner, Christiane. "FILA Wrestling Database"

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Турк