Узбек улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Узбек Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠦᠽᠪᠡᠻ ᠤᠯᠤᠰ
O‘zbekiston Respublikasi (узбек)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
«O‘zbekiston Respublikasining Davlat Madhiyasi»
(Бүгд Найрамдах Узбек Улсын төрийн дуулал)

Дэлхийн тал бөмбөрцөгт Узбекийг тодруулжээ
Дэлхийн тал бөмбөрцөгт Узбекийг тодруулжээ
Нийслэл Tashkent emblem.jpg Ташкент
Том хот Наманган, Андижан
Албан хэл узбек хэл
Албан үсэг латин үсэг
Ард түмэн 
(1996 он)
Узбекийн ард түмэн:
80.0% – узбек үндэстэн
   5.5% – орос үндэстэн
   5.0% – тажик үндэстэн
   3.0% – хасаг үндэстэн
   6.5% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон 100% – Узбекийнхэн
(Узбек улсынхан)
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд
найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Ислам Каримов (1990)
 -  Ерөнхий сайд Шавкат Мирзиёев (2003)
 -  Улсын хурал Олий Мажлис (Дээд Хурал)
Түүх
 -  1747 он Бухар, Коканд, Хива байв. 
 -  1924-10-27 Зөвлөлт Узбек болсон 
 -  1991-09-01 Тусгаар тогтнолын тунхаг 
 -  1991-12-25 ЗХУ албан ёсоор бутарсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 448 978 км2 (58)
 -  Гадаргын ус (%) 4.9 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2013) 30,183,400[1] (46)
 -  Нягт сийрэг 61.4 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $85.188 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $3,015[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $37.290 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $1,320[2] 
ОТББИ (2000) 26.8 0.21 (бага) (95)
ХХИ (2010) 0.617[3] (дундаж) (102)
Мөнгөний нэгж Узбекийн сум (UZS)
Цагийн бүс Узбекийн цаг (ГЦ+5)
Утас, домэйн +998 / .uz
Нэр томъёо UZ, UZB / БНУзбУ

Узбек улс төв Ази, тэр дундаа дунд Ази, ГЦ+5 цагийн бүст Хасаг, Хиргис, Тажик, Афган, Туркмен таван улсаар хүрээлүүлж оршдог. Далайд гарцгүй эх газрын орон. 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай (51-р том). Баруун болон төв биедээ нам доор, зүүн хилээрээ 4000 м-ээс өндөр уултай. 90% цөл, 10% хувь үржил шимт хөндий.

Узбек орон түүхийн уртад иран, түрэг, монгол, слав угсаатны мэдэлд орж явсан. Бухар, Самарканд гээд Торгоны замын гол хотууд одоо ч энд байна. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбек Улс (БНУзбУ) нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэн бүрэн эрх олжээ. Нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай. Дотроо 12 муж, 1 бүгд найрамдах улс, 1 улсын хотод хуваагддаг. Улсын албан ёсны узбек хэлэнд улсаа латин үсгээр O'zbekiston хэмээн бичиж, [Узбекистан] гэж хэлдэг. Үүний -стан нь монголоор улс, орон гэх залгавар юм.

Өдгөө 30 сая хүн амтай (46-р олон). Хүн амын 80 хувийг эзэлсэн узбек үндэстнээс гадна орос, тажик, хасаг, хархалпак гээд 100 нэрийн ард түмэн аж төрөн сууж байдаг ба бүх ардын 90 хувь ислам, 9 хувь христос шашны ёсыг дагадаг.

Узбек улс хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий гэх мэт олон төрлийн зүйл бүтээж дотоод гадаадад борлуулдаг. Нийт ДНБ-ийн хэмжээгээр дэлхийн 194 улсаас 69, нэг хүнд ноогдох дүнгээр 135-р байр хавьд явж байгаа. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон.

Нийслэл Ташкент 2 сая оршин суугчтай. Мөнгөний нэгж — сум. Одоогийн ерөнхийлөгч нь Ислам Каримов.

Нэр[засварлах | edit source]

Тийн ялгал
нэрлэх Узбе́к Узбекиста́н
харьяалах Узбекийн Узбекистаны
өгөх орших Узбект Узбекистанд
заах Узбекийг Узбекистаныг
гарах Узбекээс Узбекистанаас
үйлдэх Узбекээр Узбекистанаар
хамтрах Узбектэй Узбекистантай
чиглэх Узбек рүү Узбекистан руу
Тайлбар: Узбекистаныг шулуун, Узбе́кийг өргөлттэй дуудна.

Энэ улсын үндсэн хүн ам нь узбек болохоор улсын оноосон нэрийг Узбек гэсэн. Узбек болон орос, англи хэлнээ Узбекистан буюу "улс, орон" гэсэн -стан дагаврыг хамтатган бичиж байгаагаас Монголд Узбекистан улс гэх маягаар ижил утга давтан хэрэглэгдэж байна. Узбек гэсэн нэрийг Алтан ордны улсын Узбек ханы нэрээс үүсэв үү, өөртөө эзэн гэсэн түрэг үгсийн нийлэмж үү гэх мэт бат мэдэгдээгүй хэдэн таамаг байдаг. Узбекээр Oʻzbekiston гэж бичдэгээс хараад Өзбек гэмээр юм шиг боловч узбекээр хэлэхийг нь сонсвол хуучнаараа Узбек гэхэд болно. Монгол үсгээр ᠦᠽᠪᠡᠻ (үзбек) гэж бичнэ.

Газар зүй[засварлах | edit source]

Узбек 448,978 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Ирак улсаас арай том буюу дэлхийн 58-р том орон юм.

Сансраас харсан зураг
Узбек улсын газрын зураг.png

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 37° — 46°, зүүн уртрагийн 56° — 74° дотор төв Ази, тэр дундаа дунд Азид оршдог. Хөндлөн 1,425 км, гулд 930 км байдаг тэгш өнцөгт хэлбэрийн нутаг дэвсгэртэй. Далайд гарцгүй, бүр Лихтенштейн шиг хоёр улс дамжих хэрэг гарна. Хойд талаараа Хасаг улс (203 км), Арал тэнгис (420 км), зүүн талаараа Хиргис (1099 км), Тажик (1161 км), өмнө талаараа Афган (137 км), Туркмен (1621 км) улстай хиллэдэг.

Газар ус[засварлах | edit source]

Узбек орны 80% цөл, 10% л үржил шимтэй. Нутгийн баруун болон төв биеэр алдарт Кызылкум (Улаан элс), баруун урд талаар Каракумын зах байна. Зүүн талд үржил шимт Ферганы хөндий байна. Узбек ерөнхийдөө нам доор газар, зүүн хойд талаар харин Тэнгэр уул, зүүн урд талаар Памирын хошуу цухуйдаг. Эндэх Гиссарын нуруунд хамгийн өндөр Хазрет-Султан (4,643 м) уул сүндэрлэжээ. Сырдарья мөрөн хөндлөн дайраад гардаг бол Амударья баруун урд хилээр урсаад Аралд цутгадаг байсан. Туркмений хил дээр хамгийн нам доор цэг Сарыкамыш (12 м) гэж томоохон нуур тогтсон. Мөн Устюртын өндөрлөг, Мирзачулийн тал, Айдаркуль нуурыг дурдууштай.

1989, 2008 оны Арал тэнгис
Чаткал голын гүүртэй хэсэг

Уур амьсгал[засварлах | edit source]

Узбек орон эх газрын уур амьсгалтай. Өвлийн хүйтэн −40 °C, зуны халуун 40 °C хүрнэ. Жилд дунджаар 100 — 200 мм хур тунадас, уулнаа 900 м хүртэл унадаг.

Амьтан ургамал[засварлах | edit source]

3000 зүйлийн өвс ургамал, 80 зүйлийн мод ургадаг. 5 хувь хүрэхгүй ойтой.

Каракуль хонь, цагаан зээр, бөхөн, хүрэн баавгай, чоно, үнэг, дорго, зэрлэг гахай зэрэг 40 зүйлийн хөхтөн, тагтаа, бүргэд, шонхор гээд 400 зүйл шувуу байна.

Ашигт малтмал[засварлах | edit source]

Газрын тос, шатдаг хий, нүүрс, алт, уран, мөнгө, зэс, төмрийн хүдэр, молибдений нөөцтэй.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Яс үндэс Хүн ам
(2000 он)
Хувь
Узбек үндэстэн 18,959,577 77.6 %
Орос үндэстэн 1,199,015 4.9 %
Тажик үндэстэн 1166713 4.8 %
Хасаг үндэстэн 990,022 4.0 %
Хархалпак ястан 504,301 2.1 %
бусад ард түмэн 1,610,564 6.6 %
Он Хүн ам
1926 4,750,175
1939 6,271,269
1959 8,105,704
1979 15,389,307
1989 19,810,077
2000 24,500,000
2014 30,492,800

1950–аад оноос хойш Узбек орны хүн олширч, хэд дахин үржиж 2014 онд 30,492,800–д хүрчээ. Дэлхийн 194 улсаас 41–р олон хүнтэй нь бөгөөд дунд Азидаа нэгдүгээрт байна. Мянган хүн тутамд 22 төрж, 5 нас нөхцдөг. Хүн амын 26 хувь 0–14 насны багачууд, 67% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 6% нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын нягт — 65.8 хүн/км², хүйсийн харьцаа жигд, бичиг үсэг тайлагдалт — 99%, хотжилт — 51%, дундаж наслалт — 72 жил.

Ард түмэн[засварлах | edit source]

Самаркандын зах дотор хуушуур зарж явсан хөвүүд

Узбект олон үндэстэн ястан аж төрөн суудаг. Узбек үндэстэн 78% эзэлж байна. Үлдсэн 22 хувийг ЗХУ–ын ул мөр орос (5%), тажик (5%), хасаг (4%), хархалпак (2%), татар (1%), хиргис (1%), солонгос (0‌.7), туркмен (0‌.6), украйн (0‌.4), армен (0.2) гээд зуу гаруй яс, үндэсний хүмүүс бүрдүүлдэг. Тажикийн тоо үүнээс ч их байж мэднэ. Энд эртнээс тажик (иран), узбекүүд (түрэг) хутгалдан сууж цус ихээр холилдсон (сарт гэгдэж байв) гэдэг бол хаа холын солонгос, еврейчүүд Сталины цөллөгөөр нутагшжээ.

Хэл, шашин[засварлах | edit source]

Ард түмэн узбек, тажик, хасаг гэх мэт өөрсдийн төрөлх хэлээр ярина. Үндсэн хүн амын узбек хэл 1991 онд тусгаар тогтносон Узбек улсын цор ганц төрийн хэл болжээ. 1989 оноос узбекчууд үүнийг шаардаж байв. Хот газрынхан ойлголцоход орос хэл их тусалдаг. 1992 онд узбек бичгийг кирилээс салгаж латин үсэгт тохируулахаар шийдээд 2005 оноос дунд сургуульд зааж эхэлсэн.

Иран, түрэг угсаатан буюу хүн амын 90% ислам шашинтан хотон хүмүүс юм. Тэртээ VIII зуунаас ислам дэлгэрсэн. Суннит дэг голлоно. Удагаар нь орос, украйн голдуу хүн амын 9% христосын шашинтан байна. Одоо Узбек улсад исламын 2050, үнэн алдартны 37, солонгос христийн 52, иудейн 8, бахайн 6 сүм байгаа ажээ.

Хот суурин[засварлах | edit source]

Узбек улсад 120 гаруй хот, 115 гаруй балгас (томоохон суурин) байна. Үүнээс томоохон нь:

2010 оны хүн амын тоогоор:

Эш түүх[засварлах | edit source]

Түүхийн эхэн үе[засварлах | edit source]

Торгоны зам дайрдаг байв

Узбекээс палеолитийн үеийн дурсгал олддог. 1938 онд 70 мянган жилийн тэртээх неандерталь хүүгийн гавлын ясыг олжээ.

Эртний Узбек оронд иран угсаатан амьдарч байв. Манай эриний өмнөх үед Бухар, Самарканд зэрэг олон хот үүсч Согд, Тохарын улс оршиж, Өрнө-Дорныг холбосон Торгоны зам гарч Мавереннахр харьцангуй баян чинээлэг газар болжээ. Македоны Александрын байлдан дагууллын дараа Грек-Бактрын улс тогтож байсныг персийн Парфян, Сасан хоёр улс залгажээ. V-VII зуунд Цагаан хүннү, Түрэг улс Узбект нэвтэрсэн. Түүхийн эхэн үед зороастр, будда, христ, тэнгэр гээд олон шашин байсан бол арабын байлдан дагуулалтын VII зуунаас ислам шашин дэлгэрч эндэхийн үндсэн шашин болон уламжилжээ. Дамаскийн халифт улс (661–750)–ын үед шинжлэх ухаантай хоршин перс хэл Дунд Азид голлосоор байсан ба 819–999 онд Саманы улс (тажик перс) Узбект төвлөж байв.

Төмөр хаан Самаркандад хуримласан нь. 1628 оны зураг

Түрэг, монголын үе[засварлах | edit source]

IX зуунаас түрэг угсааны нүүдэлчин аймгууд урагш түрж Хорасанд Газнийн улс, Өрнө Ази даяар Сельжук улс, Мавереннахрт Хар ханы улсыг байгуулжээ. 1097-1231 онд перс соёлтой, түрэг хааны Хорезм улс оршин байв. 1219-1225 онд Чингис хааны монгол цэрэг энэхүү Сартуул иргэнийг дайлаар мордоод нутаг орныг гүрэндээ нэгтгэснээс Мавереннахр Цагаадайн улс (1225–1340)–ынх болов. Цагаадайн улс доройтоход олон аймаг тэмцсэнээс Төмөр дийлж эзэнт улс (1370–1507) байгуулсан ч өөрөөс нь хойш өөдлөөгүй. Төмөрийн улсын үед үндсэн хүн ам түрэг болж, Алишер Навои цагаадай хэлээр (түргээр) зохиол туурвиж, Улугбек одон орон судалж байв.

Узбек ханлигууд[засварлах | edit source]

Бухарын түүхэн төв

Арал тэнгисийн эрэгт байсан узбекүүд 1501 оноос Узбек орныг эзэлж эхэлсэн. Бухарын хант улс (1500–1785) Бухар, Ташкент, Ферганы хөндийд бэхэжсэн бол Хивын ханлиг (1511–1920) Каспийн тэнгисийн эрэг Хорезм нутаг болон Амударьягийн баян бүрдийг түшин тогтжээ. Бухарын ханлигийг Зүчийн хүү Шибаны удмынхан байгуулсан бөгөөд суннит, шийтийн ялгаанаас болж Сафавын улс (Иран)–тай байлдаж байлаа. Умрын түрэлт үргэлжээс байсан бөгөөд узбекийн хотуудыг хасаг, монголчууд довтолсоор байв. Сүүлд Ферганы хөндийд Кокандын хант улс (1709–1876), Бухарт төвлөсөн Бухарын эмирт улс (1785–1920) тогтжээ. Эмир нь мангыт овогтой байв.

Орос, Зөвлөлтийн үе[засварлах | edit source]

Хөвөнгийн тариалан
1979 он. Ташкентийн машин зохион бүтээх товчооныхон

Оросын эзэнт гүрэн 1850 онд Кавказыг эзэлчихээд Дунд Ази руу хандаж 1865, 1867, 1868 онд Ташкент, Бухар, Самаркандыг буулган авав. Тэгэхдээ ивээлийн орон (᠋᠋проктерат) гэж ойлголцсон бөгөөд 1876 онд Коканд бууж өгснөөр бүрэн эзлэгджээ. Туркестаны губернийг үүсгэснээс Узбек оронд Сырдарья, Самарканд, Каспийн чанад гэсэн гурван муж болон Бухарын эмирийн нутаг байсан. Орост хувьсгал гарч Зөвлөлт Холбоот Улс болон өөрчлөгдөхөд Туркестаныг ард түмний яс үндсээр ангилж шинээр тав салгасан. Үүнд Узбек үндэстний голлосон нутаг — Узбекистан 1924 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбек Улс (ЗСБНУзбУ) нэртэй байгуулагдаж ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын нэг болжээ. 1929 онд Тажик салж, 1936 Хархалпак нэмэгдсэнээр өөр газар нутгийн том өөрчлөлт ороогүй байсаар тэр чигээр тусгаар тогтносон юм. Зөвлөлтийн үед бүх төрлийн аж үйлдвэр хөгжиж, төр соёлын олон төрлийн албан газар нээгджээ. Хөвөнгийн тариалалтанд 1960-аад оноос Амударья, Сырдарьягийн усыг ашигласан нь Арал тэнгисийг ширгэхэд нөлөөлсөн. Хамгийн удаандаа 1959—1983 онд Шараф Рашидов нам, орны тэргүүнээр ажиллаж байв.

Өнөөгийн Узбек[засварлах | edit source]

ЗХУ-ын төгсгөл үе 1989 онд узбек хэлийг албан ёсны болгож, 1990 онд Ислам Каримовыг Дээд Зөвлөлийн дарга болгожээ. 1991 оны 8 сарын 31-нд Узбек улсын тусгаар тогтнолыг зарласан нь 12 сарын 21-нд ТУХН-д гишүүнээр элсч, хэд хоногийн дараа ЗХУ албан ёсоор задарч, бүх нийтийн 98 хувийн саналыг хурааснаар бүрэн баталгаажжээ. Ислам Каримов анхны ерөнхийлөгч болсон. Тусгаар тогтносны дараа улсын цөөнх болсон оросуудаас 2 сая хүн Узбекийг орхин гарсан ба шашин шүтэх эрх чөлөөлөгдсөнөөр уламжлалт ислам шууд сэргэжээ. Каримов 1995 онд шууд улирсан бол 2000, 2007 онд 90 хувийн дэмжлэгтэй улиран сонгогдоод байна.

Төр засаг[засварлах | edit source]

Хуулийн танхимийн ордон

Узбек бол ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагтай, нэгдмэл төрийн байгууламж бүхий улс юм. 1989 оноос Ислам Каримов төр засгийн тэргүүн, улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Улсын ерөнхийлөгчийг 7 жил тутам бүх ардын саналаар сонгодог. 2000, 2007 онд улиран сонгогдсон.

Ерөнхийлөгч ерөнхий сайдыг томилдог. 2003 оноос Шавкат Мирзиёев ерөнхий сайд хийж байна.

Олий мажлис (Дээд хурал) 1995 онд үүсэн байгуулагдсан. 100 гишүүнтэй Сенат, 150 гишүүнтэй Хуулийн танхим гэж хуваагдана. Хуулийн танхимийн 150 суудлын 15-ыг байгаль орчны газраас томилдог. 2010 оны сонгуулиар Узбекийн либерал ардчилсан нам, Узбекийн ардын ардчилсан нам, Узбекийн үндэсний сэргэл ардчилсан нам, Шударга нийгэм ардчилсан нам 135 суудлыг хуваан суусан.

2005 онд Андижаны жагсаалыг зэвсгээр дарсан бол 2007 онд цаазаар аваачих ялыг болиулсан.

Орон нутаг[засварлах | edit source]

Узбек улс эхлээд 12 муж (узб. viloyat), 1 бүгд найрамдах улс (respublika), 1 хот (shahar), бүгд 14 нутагт хуваагдаж байна.

Узбек улсын 14 орон нутаг (хүснэгтийн дугаараар)
# Нэр Узбек нэр Нутгийн төв Хүн ам (2008)
хот — (shahar, үгийн араас shahri)
1 Ташкент хот Toshkent shahri Ташкент 2,192,700
муж — (viloyat, үгийн араас viloyati)
2 Андижан муж Andijon viloyati Андижан 2,477,900
3 Бухар муж Buxoro viloyati Бухар 1,576,800
12 Ферган муж Farg’ona viloyati Ферган 2,997,400
4 Жизак муж Jizzah viloyati Жизак 1,090,900
7 Наманган муж Namangan viloyati Наманган 2,196,200
6 Навои муж Navoiy viloyati Навои 834,100
5 Кашкадарья муж Qashqadaryo viloyati Харш 2,537,600
8 Самарканд муж Samarqand viloyati Самарканд 3,032,000
10 Сырдарья муж Sirdaryo viloyati Гулистан 698,100
9 Сурхандарья муж Surxondaryo viloyati Термез 2,012,600
11 Ташкент муж Toshkent viloyati Ташкент 2,537,500
13 Хорезм муж Xorazm viloyati Ургенч 1,517,600
бүгд найрамдах улс — (respublika, respublikasi)
14 Хархалпак орон Qoraqalpog’iston Respublikasi Нукус 1,612,300


Аж байдал[засварлах | edit source]

Эдийн засаг[засварлах | edit source]

Узбекийн 5000 сумын дэвсгэрт

2012 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 51.11 тэрбум ам.доллар байсан. Нэг хүнд 3,500 $ ноогдоно.

Узбек улс алт, зэс, уран, шатдаг хий олборлолтоор дэлхийд эхний аравт байгаа. Төрийн өмчийн Узбекнефтьгаз компани үйлдвэрлэлийн хүндийг үүрдэг. Узбек дэлхийд айргийн тавд орохуйц их хөвөн тариалдаг.

1992 онд үнийн өсөлт 1000%-д хүрч, ДНБ огцом унаж байсан болмоор аажмаар зах зээлийн журмын цочрооос салж, 2003 оноос тогтворжиж эдийн засаг жигдэрчээ.

Узбекийн хөрөнгийн бирж 1994 онд үүсэн байгуулагдаж одоо 1200 компанийн үнэ цэнийг тодорхойлж байна.

Хиргис улс Бангладеш Орос улс Турк улс Хасаг улс Хятад улс

Турк улс Герман улс Хасаг улс Өмнө Солонгос Хятад улс Орос улс

Хурдан галт тэрэг
Узбекийн Боинг-767

Зам тээвэр[засварлах | edit source]

Узбек улс 3,645 км төмөр замтайгаас 620 км нь цахилгаанжсан. Энэхүү Транс-Каспийн төмөр замаар улсынхаа томоохон хотуудыг хооронд нь болоод бүх хөрштэйгээ холбожээ. Ташкент–Самаркандын хурдан галт тэрэгний шугам 2011 онд ашиглалтанд орсон. 1977 онд ашиглалтанд орсон Ташкентийн метро Хасагт Алматын метро нээгдэхээс өмнө Дунд Азид ганцаараа байлаа.

Узбект 84,400 км авто зам байгаагаас 72,000 км нь цардмал. Узбекийнхэн Солонгосын Тэү, Америкийн Женерал-Моторстой хамтарсны үрээр автомашин үйлдвэрлэдэг болсон бөгөөд 2013 онд 251,342-г босгож ихэнхийг экспортолжээ. Туркийн ачаар мөн автобус хийж байгаа.

Узбект нийтдээ 53 нисэх буудал байгаагаас 33 нь цардмал. Хамгийн том нь Ташкентийн олон улсын нисэх буудал. Эндээс Узбекийн иргэний агаарын тээврийн компанийн онгоцонд суугаад Москва, Токио, Сингапур, Лондон, Нью-Йорк хүрч болно.

Узбек 10,253 км шатдаг хийн хоолой, 868 км газрын тосны хоолойтой.

Хэвлэл, холбоо[засварлах | edit source]

Узбект 28 телевиз, 16 радиогийн газартай. 2012 онд 9 сая интернет хэрэглэгч байсан.

2001 онд Узбект 507 сонин, 157 сэтгүүл хэвлэгдэж байжээ.

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. "Official population 2013-09-05". Stat.uz. 2013-09-05.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Uzbekistan. International Monetary Fund.
  3. Human Development Report 2010. United Nations (2010).
Викимедиа зургийн сан:
«Узбек улс»

Гадаад холбоос[засварлах | edit source]