Түрэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Түрэг угсаатан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Түр-уг мб.png
Түрэг угсаатан
Map-TurkicLanguages.png
Түргүүдийн онцлон анхаармаар суурьшсан газар орон
Бүгд тоо
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2]
Төвлөрсөн газар орон
Турк Турк 55-60 сая[3]
Узбек улс Узбек 26 сая
Иран Иран 13 сая[4]
Хасаг Казах улс 12 сая
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 11,647,000
Орос Орос 12,009,969[5]
Азербайжан Азербайжан 9,047,000
Туркменистан Түркмен 4,500,000[6]
Flag of Kyrgyzstan.svg Хиргис улс 4,500,000
Европын Холбоо Европын холбоо 5,210,000
Афганистан Афган 3,500,000[7]
Тажик Тажик 1,200,000
Ирак Ирак 1,500,000
Америк АНУ 923,000
Болгар Болгар 600,000-800,000
Хойд Кипр Умар Кипр 298,862
Австрал Австрали 293,500
Украйн Украйн 275,300[8]
Flag of Saudi Arabia.svg Саудын Араб 224,460
Flag of Greece.svg Грек 178,000 h
Flag of Moldova.svg Молдав 158,300
2009 онд Стамбулд болсон Нармай Түрэгийн цуглаан

Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афган, Тажик, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Хамгийн эртний үед холбогдох, Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөдөд Old Turkic letter UK.svgOld Turkic letter R2.svgOld Turkic letter U.svgOld Turkic letter T2.svg[9][10], Old Turkic letter K.svgOld Turkic letter R2.svgOld Turkic letter U.svgOld Turkic letter T2.svg[11] буюу türük гэж бичсэн байна гэж Түрэгч эрдэмтэд тайлж уншжээ. Үгийн утга тодорхой бус, гэхдээ түрэгч нараас «төрсөн», «үүссэн» гэх утга дэвшүүлсэн нь байдаг.[12] Худам монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Гарал үүсэл

Түрэгүүд нь гарал үүслийн холбоогүй, өөр өөр арьстанд хамаарагддаг олон ард түмнүүдээс бүрддэг ба түрэг хэл эдгээр ард түмнийг холбодог.[13] Түрэгүүдийн нилээд хэсэг нь уулаасаа түрэг бус гаралтай, түрэгжсэн хүмүүс ба үлдсэн хэсэг нь өөр ард түмнүүдтэй ихээхэн холилдсон учир хэл, ген, антропологийн хувьд цэвэр түрэг угсаатан байхгүй.[14] Монголчууд монголоид төрхтний төв азийн арьстны бүлэгт хамаарагддаг. Харин эртний түрэгүүд монголоид төрхтний уралын бүлэгт хамаарагдаж байсан байж болох бөгөөд Уралын нуруу, Баруун Сибирь, хойд Казахстан, Саяны нуруу хавьд уралын арьстны төрхтэй хүмүүс, тухайлбал урал хэлний язгуурын хэлтэй фин-угорууд, самодичууд амьдарч байв.[15] Лев Гумилёв Баруун Түрэгийн хаант улсыг үндэслэгч нь Алтайн БНУ-н хойд хэсгээр байсан угорчууд бөгөөд Истеми хааны нэр угор гаралтай гэсэн таамаг дэвшүүлжээ.[16]

Зарим эрдэмтэн түүний дотор зарим түрэг судлаачид эрт цагт Алтай хэлний язгуурын хэлээр зөвхөн монгол, тунгус 2 үндэстэн ярьдаг байсан, түрэгүүд тэндэнтэй адил монголоид арьстан байсан ч Алтай хэлний язгуурын хэлтнүүдтэй сүүлд нэгдсэн гэсэн онолыг дэмждэг. Мөн монгол, түрэг, тунгус хэл уулаасаа саланги тусдаа байсан ч эдгээр ард түмнүүд удаан хугацаанд ойр хөрш суусанаас хэл нь төстэй болсон тул Алтай хэлний язгуур гэсэн бие даасан хэлний ангилал байх шаардлагагүй гэсэн өөр нэг онолыг зарим судлаачид дэвшүүлжээ.

Анх байсан нутаг

Скифийн нутаг ба өвөг түрэгүүд, МЭӨ 100 он

Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ. Түрэгүүдийн гарал, анх байсан нутгийнх тухай судалгаа Алтай хэлний язгууртай холбогдоно.

"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[17]

Түрэгийн судлаач А.Халиков монголчууд Байгаль нуураас урагш, тунгусууд Байгаль нуураас хойд болон зүүн зүгт, түрэгүүд Алтайгаас баруун зүгт байсан гэж үзжээ.[18]

Түрэг судлаачид түрэгүүдийн анх байсан газрын талаар олон янзын хувилбар дэвшүүлдэг бөгөөд хамгийн тархсан хувилбар нь түрэгүүдийн анх байсан газар нь Алтайгаас Уралын нуруу, Ижил мөрөн хүртэлхи өргөн уудам нутаг гэсэн үзэл юм. Гэвч археологийн болон бусад судалгаанууд одоогоос хэдэн мянган жилийн өмнө түрэгүүд Уралын нуруу, Ижил хавьд байсан гэх хангалттай нотолгоо олоогүй бөгөөд харин Уралын нуруунаас нилээн зүүн тийш, Казахстанаас хойш байсан бололтой. Дэлхийн эрдэмтэд тэр үед Алтайн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува улс Шиньжян, Дундад Ази, Монголын баруун хэсгээр европ гаралтай скиф, юэжи, тохарчууд байсан учир эдгээр нутгуудад түрэгүүд одоогоос хэдэн мянган жилийн өмнө байгаагүй гэж үздэг.

Түрэгүүд манай эриний 1-р мянган жилийн дундаас 7-8-р зуун хүртэлхи хугацаанд Урал, Ижил мөрний орчмын нутагт зөвхөн цөөн тооны хэсэг бүлгээрээ очсон байж болохыг археологийн судалгаа харуулж байна.[18]

4-р зууныг хүртэл Башкирын баруун хойд хэсэгт фин-угорууд, өмнөд хэсэгт иранчууд байсан ба 9-12-р зуунд тэндхийн уугуул хүн ам бүрэн түрэгжсэн байх магадлалтай.[19] Ийнхүү түрэгүүдийг ирэх хүртэл Урал, Ижил хавийн нутгийн тал хээрийн хэсэгт нь иран хэлт скифүүд, ойн бүст нь фин-угорууд амьдарч байв.

Зарим түрэг судлаачид болон бусад эрдэмтэд түрэгүүд Алтай хэлний язгуурын ард түмнүүдтэй анхнаасаа холбоогүй, европоид төрхтэй байсан түрэгүүд Кавказын нуруу, Баруун Азиас нүүн ирж Төв Азийн монголоид төрхтнүүдтэй холилдсоноор монголоид, европеоид завсрын төрхтэй угсаатан болсон, монгол, тунгус ард түмнүүдтэй удаан хугацаанд хил залган суусаны нөлөөгөөр Алтай хэлний язгуурын хэлтэй болсон гэсэн таамаг дэвшүүлдэг ч төдийлөн дэмжлэг хүлээдэггүй. Түрэгүүдийн нүүдэл, байлдан дагууллын үед өөр гаралтай, европоид төрхтэй Кавказ, Анатолийн хойг, Дундад Азийн олон ард түмэн түрэгжсэн байдаг учир европоид төрхтэй эдгээр түрэгүүд гарал үүслээ түрэгтэй холбох, бусад түрэгүүдээс арьстны ялгаатай байдлаа тайлбарлах үүднээс иймэрхүү таамаг дэвшүүлдэг бололтой. Түрэг судлаач Гахраман Гумбатов түрэг, монгол хэл болон Хоёр мөрөнд байсан шумерчуудын хэлэнд ижил төстэй зарим үг байдагт үндэслэн монгол, түрэг, тунгус зэрэг Алтай хэлний язгуурын ард түмнүүд эрт цагт Баруун Ази, Дундад Азид байсан, эртний түрэгүүдийн голлох генийн гаплогрупп нь европчуудад байдаг R1a1 байсан гэх таамаг дэвшүүлжээ.[20] Шумер хэлэнд бурхан гэхийг "дингир", монгол хэлэнд "тэнгэр", түрэг хэлэнд тенгри гэдэг.[20]

Оросын судлаач Л.Дмитриев түрэг хэлэн дэхь ургамлын холбогдолтой нэрсийг судлаад түрэгүүд өмнөд Кавказаас ирсэн гэж дүгнэжээ.[21]

Нүүдэл

Түрэгүүдийн нүүдэл нь Ази, Зүүн Европын угсаатны бүтцэд хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд түрэгүүдийн нүүдлийн явцад олон тооны ард түмэн түрэг хэл, соёлд уусан түрэгжсэн байна. Түрэгүүд Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зууны үеэс баруун тийш тархан нүүж эхэлсэн ба үүнээс өмнө мөн нүүдэл хийж байв.

Төв Ази дахь нүүдэл

Хүннү улс байгуулагдсанаар Ордос хавиар байсан хүннү нар Монголын баруун хэсэг, Алтайн БНУ, Тува хүртэл тархан суурьшиж тэнд байсан индо-ари аймгуудыг захиргаандаа оруулсанаар индо-аричуудын зарим нь хүннүд уусчээ. Хүннү улс МЭӨ 177 онд Ганьсу муж дахь юэжигийн нутагт цөмрөн орж эзлэхэд ихэнх юэжи баруун тийш Тэнгэр уул, Или мөрөн рүү дүрвэж тэнд байсан скифүүдийг довтлон тэнд суурьшжээ. Зарим юэжи нар Цинхай муж дахь Хөх нуурын баруун талд очин бага юэжи гэж нэрлэгдэх болсон бөгөөд тэндээ аажимаар уусан алга болжээ. МЭӨ 155 онд хүннү болон индо-ари угсааны усунь аймаг хамтран юэжид дахин хүчтэй цохилт өгсөнөөр тэд баруун урагш Афганистан руу нүүн очиж тэнд байсан грек-бактрийн угсааныханд цохилт өгч Кушаний улсыг (30–375 он) байгуулжээ. Усуньчууд Ганьсуд юэжитэй хөрш амьдарч байсан ч тэдэнтэй зөрчилдсөний улмаас МЭӨ 160 онд Казахстаны зүүн өмнөд нутаг буюу Долоон усанд очиж суурьшсан байна. Тэр үед Долоон усанд скифүүд амьдарч байв. Ийнхүү хүннүчүүдийн удаа дараагийн байлдан дагуулал, хүчтэй цохилтуудын үр дүнд Монголын баруун өмнөд, баруун, баруун хойд талаар байсан европ аймгууд ихээхэн суларч зарим хэсэг нь хүннүтэй холилдон уусч нилээд хэсэг нь баруун тийш нүүсэнээр Баруун Сибирьт байсан түрэгүүд урагш нүүж хөрш зэргэлдээх үндэстнүүдийн нутагт орж ирэн тэднийг уусган аажимаар газар нутгаа тэлж эхэлжээ. Мөн эрт үед түрэгүүд дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн баруун хэсгийг нь уусгасан гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд судлаач Рахметолла Байтасов дөрвөлжин булшны хүмүүс түрэг хэлэнд нөлөөлсөн байж болох юм гэж үзжээ.[22]

Хэл судлалын эрдэмтэд монгол хэл эрт үед түрэг хэлэнд нөлөөлсөн бол түрэг хэл түүнээс арай хожуу үед монгол хэлэнд нөлөөлсөн гэж үздэг.

МЭ 3-р зуунд Ганьсу орчим түрэгүүдийн зарим нь нүүн ирж тэндхийн иран болон тохар хэлт аймгуудыг уусгасан ба тэднийг хятад сурвалжид "холимог гаралтай ху нар" буюу "холимог гаралтай нүүдэлчид" гэж нэрлэжээ.[23] 5-р зуунд Ашина овгийнхон одоогийн Турфан хотын орчим байсан Гаочанд нүүн очсон ба тэнд европ аймгууд байв. Ашиначууд Нирун улсын захиргаанд байв.

МЭӨ 2,000-1,000 жилийн үед Казахстанд өөр өөр овог аймгууд оршин амьдарч байсаныг археологичид тогтоожээ.[24] Хойд Казахстанд угор хэлт зүүн чудь, өмнөд хэсэгт нь скифүүд байв.[24][25]

Казахстаны нутагт усуньчууд 2000 жилийн өмнө, түрэгүүд 6-8-р зуунд, арабууд 8-9-р зуунд, огузууд 10-11-р зуунд, монголчууд 13-14 зуунд нүүн очиж байсан ба нүүн очсон ард түмнүүд казах хэл, ген, угсаатны бүтцэд өөр өөрийн нөлөөг үлдээжээ.[24].

Дундад Азид байсан скифүүдийг сакууд гэдэг ба тэд зүүн иран угсааны аймаг юм.[26][27] Одоогоос 2000 жилийн өмнө Казахстанд тура, даха, сака, сакатиграхауда, en:массагет, савромат, дериват, сармат, алан, аорс, исседон, усунь зэрэг олон тооны европ аймгууд амьдарч байв.[26]

Зөвлөлтийн түрэг судлаач эрдэмтэн В.Бартольд 6-р зууны үед олон тооны түрэгүүд хойд Шиньжянд суурьшсан байсан гэж бичжээ.[28] Гэвч хойд Шиньжаанп европ аймгууд байсаар байв. 8-р зуунд түрэгийн en:харлуг аймаг Долоон ус, Зүүнгарт дүрвэн очиж баруун түрэгийн овог аймгуудын дунд тэргүүлэх байр суурийг эзэлжээ.[29]

Хүннү улсын үед Монголын баруун хойд талаар байсан Динлин аймгийг зарим эрдэмтэд түрэг гэж үздэг бол зарим эрдэмтэд гарал угсаа тодорхойгүй гэж үздэг. Динлин нар анх Енисейгээс баруун зүгт байсан бололтой бөгөөд аажимаар зүүн тийш нүүж Монголын баруун хойгуур суусан байна. Сяньби улсын үед зарим нь Монголын баруун хэсгээр нүүн орж ирж сяньбид ууссан бол зарим нь Хятадын гүнд очиж Вэй улсыг байгуулжээ. Динлиний Вэй улс, хятадын Вэй улс, Тоба Вэй улсууд нь ижил нэртэй өөр угсааны улсууд юм. Динлинээс гаочэ буюу теле аймаг үүссэн нь тал тал тийш нүүн очиж суусан ба Нирун улсын үед Монголын баруун хэсэг, хойд Шиньжаанд гаочэ нар байв.Зарим гаочэ нар нируны захиргаанаас гарахаар Казахстаны зүүн хэсэгт очин хүннүгийн Юэбань улсыг бут цохин өөрийн улсыг 490 онд байгуулсан ч өмнөд хэсэг нь 496 онд, хойд хэсэг нь 540 Нирунд эзлэгджээ. Гаоче, теле аймгуудыг уйгарын өвөг гэж үздэг. Уйгур улс 840 онд унасны дараа киргизийн цэрэгт хөөгдсөн уйгурууд Шиньжаан, баруун Ганьсуд нүүн ирж Ганьжоугийн уйгарын улс, Идигүдийн улс гэсэн 2 улс байгуулжээ. Ганьжоугийн уйгарын улс хожим Тангуд улсад эзлэгдсэн ба тэдний хойчис нь шар югур гэдэг. 13-р зуунд Идигүдийн улс Чингис хаанд дагаар оржээ. Нүүн ирсэн уйгарчууд тэнд байсан иран болон тохар хэлт европ аймгуудыг өөртөө бүрмөсөн уусгасанаар Монголд байсанаасаа илүү европеоид төрхтэй болсон байна. Шиньжааны европ аймгууд уйгаруудыг ирсэн даруйд уусан алга болоогүй ба 11-р зууны үед тохарчууд тэнд байсаар байсан тухай мэдээ үлджээ.

Н.Мажитов, А.Султанова нар Түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд өмнөд Урал бүхэлдээ байгаагүй[30] гэж үзсэн бол Г.Гарустович, В.Иванов нар Өмнөд Сибирь, Алтай, зүүн Казахстан дахь эртний түрэгийн археологийн дурсгалууд өмнөд Урал дахь археологийн дурсгалуудаас эрс ялгарч байгааг тэмдэглэжээ. Иймээс МЭ 1-р мянганы эхэн хагас болон дунд үеийн Урал, Ижил хавийн археологийн дурсгалууд түрэгүүдтэй холбоотой гэж батлахад бэрх юм.[31] Иймд Түрэгийн хаант улсаас өмнө Уралын нуруунд түрэгүүд амьдарч байгаагүй бөгөөд тэнд түрэгүүд бөөнөөрөө очин суурьшсан нь арай хожуу үед холбогдох юм.[32]

Эртний түрэгийн гэж нэрлэгдэж байгаа археологийн дурсгалууд түрэгүүдтэй холбогдох эсэх нь бүрэн тодорхой болоогүй байна.[18]

Европ дахь нүүдэл

Д.Г. Савинов, Б. Карлгрена, А.Н. Бернштам зэрэг олон эрдэмтэд хятадын Хань улсын (МЭӨ 206 МЭ 220) үед кюйше, цюйше гэж тэмдэглэгдсэн аймаг кипчакуудын өвөг гэсэн үзлийг дэмждэг. [33][34] МЭӨ 3-р зууны эхэнд кюйше нар динлин, гяньгунтай (Енисейн киргиз) хамт Модунь шаньюйд эзлэгджээ. Баруун Түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд цюйше аймаг байсан ба кипчакууд анх Обь мөрний эх буюу Алтайн хязгаар хавьд байв.[35] Кипчакууд 7-р зуунд Казахстаны зүүн талд Эрчисийн эхэнд нүүн очжээ.[36][37] 10-р зууний үе гэхэд тэд Казахстаны баруун хойд хэсэг хүртэл тархсан байсан ба өмнөд талд нь en:огузууд хойд талд нь en:хазарууд, зүүн талд кимак түрэгүүд байв.[36] Казахстаны баруун хэсэгт хүсрэн кипчакууд баруун тийш дахин нүүж печенегүүдийг захиргаандаа оруулжээ. Огуз, хазар, кимак, кипчак, печенег зэрэг түрэг аймгууд Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үед баруун тийш тархан суужээ. 11-р зууны үед кипчакийн захиргаанд Долоон ус, зүүн хойд Казахстанаас бусад Казахстаны нутаг багтаж байв. Тэр үед зүүн хойд Казахстанд найманчууд байв. 12-р зууны эх гэхэд кипчакууд Дунай мөрний эх хүртэл тархсан байжээ.

Кипчак аймгийн холбоо, 900–1220 он

882 оны үед печенегүүд Крымд хүрч[38] 875 онд Киевийн Русь улстай байлджээ. Хазарын хаант улс унасны дараа Киевийн Русь улсаа урагш, Кавказаас хойш, Ижилээс баруун тийш Унгар хүртэл нутаг тэдний хяналтанд оржээ.[39]

Хазарын хаант улс, 650?–1048?
Хазарын хаант улс

Сибирь дэхь нүүдэл

Уулын Алтай, Тува хавиар өөр өөр цаг үед олон үндэстэн ээлжлэн оршин амьдарч байсан ба анх өвөг алтайчууд буюу Алтайн хэлний язгуурын хэлт эртний хүмүүс, самоди зэрэг хүмүүс амьдарч байсан бололтой.

Аялагч, хэл шинжлэлийн эрдэмтэн Матиас Кастрен МЭ 1-2-р мянганы үед Саяны нуруунд байсан самодичууд түрэгүүдийн нүүдэлд шахагдан хойд зүгт нүүж одоогийн ненец, нганасан, селькупчуудыг үүсгэсэн гэж үзжээ.

Уулын Алтайн хойд хэсгээр эрт цагт угорууд амьдарч байсан бололтой. Харин Тувагийн зарим хэсэгт самодичууд 19-р зууныг хүртэл амьдарч байсан ба 19-р зууны үед Тува дахь монгол, самоди хүмүүс тэндхийн түрэг гаралтай овгуудтай холилдож түрэг хэлний нөлөөнд орсноор тува үндэстэн бүрэлджээ. Тувагийн зүүн талаар дөрвөлжин булшны соёл тархсанаас үзэхэд хүрлийн үед өвөг монголчууд Тувад амьдарч байжээ. МЭӨ 1000 жилийн үед скифүүд Тува, Уулын Алтайд ноёрхож эхэлжээ.[40][41] Ингэснээр тэнд байсан монголоид төрхтнүүд скифүүдэд уусан шахагдсан боловч зарим нь тэндээ хэвээр үлдсэн бололтой. МЭӨ 3-р зуунаас хүннүчүүд Тува, Алтайг захиргаандаа оруулан скифүүдтэй холилдон суурьшжээ.

Түрэгүүд Алаша, Шиньжаан, Уулын Алтайд нүүн очсоны дараа тэнд байсан скиф зэрэг индо-европ бусад аймгуудын ёс заншил түрэгүүдийн соёлд ихээхэн хүчтэй нөлөөлсөн болох нь түрэгүүдийн оршуулгын байгууламжаас харагддаг.[23]

Баруун Ази дахь нүүдэл

Бага Ази дахь түрэгүүдийн байлдан дагуулал болон тархан суурьшилт (1050-1204)

МЭ 1-р мянганы сүүлээр огуз түрэгүүд Баруун Ази, Кавказад нүүн очсоноор тэндхийн олон үндэстэн түрэгжсэн байдаг.[42] Огузууд одоогийн туркмен, азербайжан, туркчуудыг бүрэлдэхэд голлох нөлөө үзүүлжээ. Түрэг бус гаралтай туркмен, азербайжан, турк гэсэн эдгээр гурван үндэстэн хэл, соёлын хувьд түрэгжсэн боловч нүүн очсон түрэгүүд тооны хувьд уугуул хүн амаас цөөн байсанаас генетикийн хувьд түрэгүүд тэдэнд төдийлөн хүчтэй нөлөө үзүүлээгүй учир тэд европоид төрхөө хадгалан үлджээ.

Түрэгүүд Баруун Азид хэрхэн нүүж очсон тухай византи, сири, армен, араб сурвалж бичгүүдэд олон тооны мэдээ хадгалагджээ.[43][44][45] Түрэгүүд тийшээ зөвхөн зүүн талаас нь төдийгүй өөр бусад чиглэлээр, тухайлбал Хар тэнгис, Кавказ, Ираны талаас нэвтэрч орсон байна.[44] Тэд хориод жилийн дотор Анатолийн хойгийн буюу Бага Азийн нилээд хэсэгт суурьшжээ.[44] Арабуудын дараад нь түрэгүүдийн Анатолид хийсэн олон довтолгооноос болж Төв, Зүүн Анатолийн олон тооны хот суурин сүйрэн газар нутаг нь эзгүйрэн хоосорсон нь түрэгүүдийн нүүдлийг улам хялбар болгосон байна.[44] Гэвч 9-р зууны эцэст түрэгүүд Анатолийн бүх хэсэгт суурьшиж амжаагүй байсан ба тэд нүүдэлчид байсанаас голчлон тал хээрийн бүсэд суурьшиж байсан ба тэнгисийн эргээр хараахан суурьшаагүй байв.[44] Ийм учираас Зүүн Анатоли болон тэнгисийн эргийн нутагт түрэгүүдийн нүүдлээс өмнөх үеийн газар усны нэр хадгалагдан үлджээ.[44]

Түүх

Түрэг, монгол, тунгусууд Алтай хэлний язгуурын хэлтэй, нэг гарал үүсэлтэй ард түмнүүд гэж ихэнх эрдэмтэд үздэг. Алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлсэн бөгөөд энэ хүртэл тэдний хэл төдийлөн ялгаагүй байсан бололтой. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.

Түрэгүүдийн гарал үүсэл, анх байсан нутгийнх нь талаар олон онол байдаг ба түрэг судлаачид олон асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй.[18][46]

Одоогоос хэдэн мянган жилийн өмнө иран угсааны скифүүд Европоос нүүн ирж Казахстан, Узбекистан, Туркменистан, Баян-Өлгий аймагт суурьшсан байсан бөгөөд түрэгүүд хожим нь зүүн иранчууд, тохар, Сибирийн угсаатнууд, Төв Азийнхан, угоруудыг өөртөө уусган одоогийн нутагтаа суурьшжээ.А.Амарын "Монголын товч түүхэнд" Түрэгүүд анх Барабины тал хавьцаа байхад нь Хүннүчүүд тэднийг урагш Наньшаний нурууны зүүн хэсэгт нүүлгэсэн ба дараад нь бусдад шахагдан баруун хойш нүүн Нируны захиргаанд орсон гэж бичжээ.

Түрэг угсааны Тэлэ аймгуудын холбоо (“Тогуз- огуз” буюу “9 аймаг”-Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут) Хүннү гүрэнд МЭӨ 300 онд дийлдэн захиргаанд нь оров.

Нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө, газар тариалан эрхэлдэг байжээ. Түрэг соёл хойд Евразийн нүүдэлчин орнуудын соёлтой салшгүй холбоотой.

Дэлхийн бусад орнуудтай адилаар түрэгүүд бусад ард түмэнтэй цус холилдсон. Түрэг хэлээр ярьдаг орчин үеийн олон үндэстэн түрэг соёл болон түрэг хэл Евразийн орнуудад нөлөө үзүүлснээс болоод үүсэцгээсэн гэдэг. Тийм учраас жинхэнэ түрэгүүд (эртний түрэгүүдийн хойч үе) болон түрэг хэлтнүүдийг (түрэг хэлтэй Евразийн орнууд) ялгаж салгах хэрэгтэй. Одоогийн байдлаар түрэгүүд Дундад болон Төв Ази, Кавказ, Өмнөд болон Зүүн Европт болон бүр цаашаагаа Оросын Зүүн хавиар ч байдаг. Цөөн тооны түрэгүүд Баруун Европ, Америк болон Хятадад суурьшицгаадаг.

Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зууны үеэс түрэгүүд баруун руу нүүж эхэлсэн юм.

Орчин үеийн түрэгүүд дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ, Франц, Герман, Канад, Скандинавын орнууд, Австрали болон Шинэ Зеландаас гадна Иран, Орос, Ирак, Хятадад амьдарцгаадаг ажээ.

Евразид түрэг хэлтэй ард түмэн олон байдаг ч нилээд хэсэг нь эртний түрэгүүдтэй шууд холбоогүй хэл, соёлыг нь өвлөж авсан байдаг. Дэлхий дээрх түрэг хүмүүсийн тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ.

Ген

Шор, хакас, тува, алтай хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн самоедь, угор зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг. Баруун тийшлэх тусам европоид төрх давамгайлах бол зүүн тийшлэх тусам монголоид төрх давамгайлна. Татар, чуваш, гагауз зэрэг баруун талын хэсэг нь европоид төрхтнүүдтэй удаан хугацаанд хил залган амьдарч байгаа мөн Оросын захиргаанд түрүүлж орсоноос шалтгаалж илүү европоид төрхтэй байдаг.

  • алтай ястан - өмнөд хэсэг нь монгол, түрэг гаралтай, хойд хэсэг угор гаралтай, монголоид төрхтэй, тувачуудтай төстэй төрхтэй. Өмнөд алтайчууд, тува, монголчуудтай хамт монголоид арьстны Төв Азийн дэд бүлэгт орно.
  • башгир - түрэгжсэн угорууд гэж үздэг. Мөн уулаасаа түрэг хүмүүс гэсэн онол бий. Зарим нь монголоид зарим нь оростой холилдсоноос европоид төрхтэй болсон. Татараас арай илүү монголоид төрхтэй.
  • азербайжан - түрэгжсэн иран угсааны хүмүүс, европоид төрхтэй
  • балкар - түрэгжсэн аланчууд буюу иранчууд, европоид төрхтэй
  • гагауз - түрэг гаралтай ч ойр хавийн славян зэрэг европ хүмүүсийн дунд удаан сууснаар одоо европоид төрхтэй болжээ.
  • долган - түрэг гаралтай, эвенктэй холилдсон, монголоид төрхтэй. Тэдэнд С3 ген нилээн байдаг ч монголчуудаас өөр төрхтэй. Якутаас салж нүүсэн бүлэг хүмүүс долганчуудыг бүрэлдүүлжээ..
  • карачай - түрэгжсэн алан буюу иран, европ төрхтэй
  • ногай - Монголын мангуд овог, кипчакуудаас үүссэн угсаатан бөгөөд заримдаа "Кавказын монголчууд" гэж нэрлэдэг. Нилээн монголоид төрхтэйгээрээ кавказийн түрэгүүдээс ялгарна.
  • салар - огуз түрэг гаралтай, Узбекистанаас 14-р зуунд нүүж одоогийн Хятадын Цинхай, Ганьсу мужид суурьшин хятадтай холилдсон тул хятад хүнээс гадаад төрхөөрөө төдийлөн ялгагдахгүй.
  • саха (якут) - Дийлэнх нь түрэгжсэн эвенкүүд гэж үздэг. Мөн монгол гаралтай овгууд бий. Буриад, якутууд бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй.
  • татар - түрэг гаралтай гэж үздэг ч орос, кавказынхан зэрэг олон үндэстэнтэй холилдсон, цөөнх нь монголоид дийлэнх нь европоид төрхтэй. Зарим хэсэг гадаад төрхөөрөө орос хүнээс ялгагдахгүй.
  • крымийн татар - Крымд иран угсааны скиф, тавр, сармат болон грек, германы гот аймаг, түрэг угсааны булгар, хазар, кипчак аймгууд амьдарч байсан тул ихээхэн холимог гаралтай, европоид төрхтэй, кипчак бүлгийн хэлтэй тул булгар, кипчакууд крымийн татарыг бүрэлдүүлэхэд голлох нөлөө үзүүлжээ.
  • турк - түрэгжсэн европ, араб, иран, курд, кавказ хүмүүс. Хэдхэн хувь нь жинхэнэ түрэг гаралтай бусад нь Анатолийн уугуул европ гаралтай хүмүүс. Европоид төрхтэй.

Туркуудад монголжуу төрхтний ген 10 орчим хувьтай байх бөгөөд тэд Анатолийн хойгийн эртний европ (грек, хетт, лувий г.м) болон ази үндэстнүүд, кавказынхан, баруун иранчууд, Туркд алба хаахаар ирсэн хөлсний кельт, славян цэргүүдээс бүрдсэн европ төрхтэй үндэстэн юм.[47] Туркууд бараандуу арьстай арабуудаас цайвар арьсаараа ялгарах ба олон үндэстнээс бүрдсэн учир яг тийм үндэстэнтэй адил гэж хэлэх аргагүй байдаг. Тэд кавказийнхантай төдийлөн төсгүй харин курд, перс зэрэг баруун иран угсаатнууд тэдэнтэй хамгийн төстэй юм.

  • туркмен - түрэгжсэн иран буюу скиф хүмүүс, европоид төрхтэй. Монголоид төрхтэй хүн цөөн.
  • узбек - Ихээхэн холимог гаралтай, түрэг, иран, монгол гаралтай. Нилээдгүй олон монгол гаралтай овгууд узбекуудын дунд бий. Мөн иран гаралтай хүмүүс бүрэлдэхүүнд нь орсон нь гадаад төрхөнд нь нөлөөлж нилээн европжуу төрхтэй болжээ. Зарим нь монголоид зарим нь европоид төрхтэй. Казахаас илүү европжуу төрхтэй ч туркмен, уйгуртай харьцуулахад илүү монголжуу төрхтэй.
  • уйгур - иран, тохар зэрэг европ аймгууд бүрэлдэхүүнд нь ихээхэн орсон тул европжуу төрхтэй хүмүүс олон бий. Түрэг, монгол, иран, тохар хүмүүс холилдон одоогийн уйгар үндэстнийг бүрэлдүүлжээ. Өөрөөр хэлбэл нилээд хэсэг нь түрэгжсэн монгол, иран, тохар хүмүүс.
  • хакас - Енисейн киргизээс гаралтай, ойр хавийн овог аймгуудтай холилдсон, монголоид төрхтэй.
  • хархалпак - гарал үүсэл узбектэй ойролцоо
  • хасаг - Зарим нь түрэг, зарим нь монгол, скиф гаралтай. Бүрэлдэхүүнд нь олон тооны скиф, монгол овгууд орсон нь гадаад төрх, угсаатны шинжинд нь нөлөөлжээ. Ерөнхийдөө монголоид төрхтэй ч зарим европоид болон монголоид, европоид төрхтний завсрын шинжтэй төрхтэй. Ихэвчлэн монголоид давамгайлсан завсрын төрхтэй.
  • хиргис - Дийлэнхи нь түрэг гаралтай бололтой. Монгол, иранчуудтай холилдсон. Гадаад төрх, гарал үүсэл нь казахтай ойролцоо. Енисейн киргизээс гаралтай гэдэг ч Енисейн киргизээс гаралтай гэдэг нь батлагдсан хакасуудаас өөр буюу кипчак хэлээр ярьдаг учир

Енисейн киргизтэй холбоогүй байж болох юм гэсэн таамаг бий.

  • Шор - хакастай гарал үүсэл ойролцоо.
  • чуваш - Гарал нь нилээн маргаантай. Хүннү гаралтай гэж үзвэл монголчуудтай холбоотой байж болох юм. Ерөнхийдөө түрэг гаралтай гэж үздэг, оросуудтай холилдсоноос европоид төрхтэй болжээ.

Мөн үзэх

Зураг

Иш татсан холбоос

  1. Brigitte Moser, Michael Wilhelm Weithmann, Landeskunde Türkei: Geschichte, Gesellschaft und Kultur, Buske Publishing, 2008, p.173
  2. Deutsches Orient-Institut, Orient, Vol. 41, Alfred Röper Publushing, 2000, p.611
  3. Milliyet:55 milyon kişi 'etnik olarak' Türk
  4. Library of Congress, Library of Congress – Federal Research Division. Ethnic Groups and Languages of Iran.
  5. Этно-языковой состав населения России
  6. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tx.html#People CIA World Factbook Turkmenistan
  7. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html
  8. Results / General results of the census / National composition of population.
  9. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  10. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  11. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  12. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  13. Гумилев Л.Н. Древние тюрки. — М., 1993. — С. 4.
  14. Джаббаров И. Видный исследователь этноса и этнических процессов // Вестник Академии наук Республики Башкортостан. — 1998. Т. 3. № 4. — С. 13.
  15. Юсупов Р.М. Краниология этнотерриториальных групп башкир // Антропология башкир. — СПб., 2011. — С. 158
  16. Гумилев Л.Н. Древние тюрки. — С. 34.
  17. Олжас Сулейменов (1998) "Язык письма"
  18. 18.0 18.1 18.2 18.3 Игорь АНТОНОВ, О ПРОБЛЕМЕ РАННИХ ТЮРКОВ В ВОЛГО-УРАЛЬСКОМ РЕГИОНЕ
  19. Кузеев Р.Г. Как определить национальную принадлежность? // Советская Башкирия, 1958, 26 ноября
  20. 20.0 20.1 Гахраман Гумбатов Генетика против алтайской теории
  21. Дмитриев Л.В - Путь пратюрков с запада на восток по данным лингвистики
  22. Рахметолла Байтасов "Корреляция языковых семей и Y-гаплогрупп"
  23. 23.0 23.1 Ю. С. Худяков Иранско-тюркский культурный симбиоз в Центральной Азии
  24. 24.0 24.1 24.2 Энциклопедия Кольера -КАЗАХСТАН. ИСТОРИЯ
  25. Древний Казахстан. Племена, жившие на территории Казахстана в эпоху бронзы и железа
  26. 26.0 26.1 Абдижапар Абдакимов «Саки, усуни, кангюй, гунны»
  27. Абдижапар Абдакимов «История Казахстана: с древнейших времен до наших дней»
  28. Древние тюрки в центральной Азии, исследования советских тюркологов 1917—1930
  29. Л.Гумилев УСТАНОВЛЕНИЕ ФЕОДАЛЬНЫХ ОТНОШЕНИЙ НА ВОСТОКЕ УЙГУРСКИЙ КАГАНАТ
  30. Мажитов Н. А., Султанова А. Н. — С. 165.
  31. Кузеев Р. Г. Проблемы этнической истории народов Среднего Поволжья и Южного Урала с середины второй половины I тысячелетия н. э. до XVI в.: препринт доклада. — Уфа, 1987. — С. 8.
  32. Гарустович Г. Н., Иванов В. А. Ареал расселения угров на Южном Урале и в Приуралье во второй половине I — начале II тыс. н. э. // Проблемы этногенеза финно-угорских народов Приуралья. — Ижевск, 1992. — С. 23.
  33. Худяков Ю. О ПРОИСХОЖДЕНИИ КУЛЬТУРЫ СРЕДНЕВЕКОВЫХ КЫПЧАКОВ
  34. Савинов Д.Г., 1979 он, 54 т.; Савинов Д.Г., 1984 он, 17 т.)
  35. Савинов Д.Г., 1979 он, 54-55 тал
  36. 36.0 36.1 Кипчаки
  37. Евстигнеев Ю. А. Куманы/куны кто они? Terra Humana
  38. История Крыма. Глава 6. ПЕЧЕНЕГИ В КРЫМУ. КНЯЖЕСТВА ТМУТАРАКАНЬ И ФЕОДОРО. ПОЛОВЦЫ В КРЫМУ
  39. ПЕЧЕНЕГИ (Х-ХІ вв.)
  40. Алексей Павлович Окладников — Алтай и Тува в скифское время (1969)
  41. ТУВА — РОДИНА СКИФОВ
  42. В. Я. Петрухин, Д. С. Раевский. Очерки истории народов России в древности и раннем Средневековье
  43. MOBCEC XОPEHAЦИ «История Армении»
  44. 44.0 44.1 44.2 44.3 44.4 44.5 Проникновение тюрков в Малую Азию
  45. Первоначальное проникновение тюрок в Малую Азию
  46. Фарид Шафиев "Этногенез и история миграций тюркских кочевников: закономерности процесса ассимиляции"
  47. Genetic history of the Turkish people

Гадаад холбоос