НЭГ. УЛС ТӨРИЙН ХУВЬСГАЛ – ШИНЭ ТӨР

1.1. Монгол оронд зөвхөн Монгол хүн нэгдүгээрт байхыг Үндсэн Хуулиар баталгаажуулна.

1.2. Зөвхөн Монгол хүний аз жаргалтай, хүмүүнлэг амьдралын төлөө хүчтэй төрийг байгуулна.

1.3. Монгол хүний эрх чөлөөний дайсан болсон намт-төрийг татан буулгаж ард түмний төрийг байгуулна. Монголын улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй, өмч хөрөнгөгүй болгоно. Ингэснээр Монгол хүний эрх чөлөө баталгаажиж, өөрөө өөртөө эзэн байж, итгэл дүүрэн, бардам амьдрах нөхцөл бүрдэх юм.

1.4. Төрийн ардчилсан бүтцийг бий болгоно. Үүний тулд Ардчиллын гурван багана болсон Парламент, Засгийн газар, Шүүх засаглалын бие даасан байдлыг хэрэгжүүлнэ.

1.5. Засгийн газрын бүтцийг бүрэн шинэчилж хөгжлийн бодлогыг төрийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан явуулдаг тогтолцоог хэрэгжүүлнэ.

1.6. Ардчиллын гурван үнэт зүйл болох эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гурвыг төрийн үйл ажиллагаанд бүрэн гүйцэд хэрэгжүүлэхийг зорилго болгоно.

1.7. Төрийн эрх мэдлийг ашиглаж өөрийн төлөө, өөрийн гэр бүл, үр хүүхэд хамаатан садан, хамсаатанг хөрөнгөжүүлэх зорилгоор төрийн өмч, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг шамшигдуулдаг хэлбэрээр илэрч байгаа олигархийн тогтолцоо нь Монгол үндэстэн цаашлаад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг төдийгүй нийт ард түмний сайн сайхан амьдрах боломжийг хааж байгаа тул олигархиудыг Монголын улс төрөөс цэвэрлэнэ.

1.8. Ардчилсан орнуудын засгийн газрууд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гадаад дотоодод байгаа олигархиудын үл хөдлөх хөрөнгө, хувьцаа болон хадгаламжийг олон нийтэд ил тод болгоно.

1.9. Олигархиудын гар хөл болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагуудыг хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

1.10. Монгол үндэстний эсрэг оюуны терроризмыг бүрэн таслан зогсоох зорилгоор мухар сүсэг, худал мэдлэг, дутуу мэдлэг, алдаатай мэдлэгээр ард түмний толгойг угаадаг бүх үйл ажиллагааг таслан зогсооно.

1.11. Монгол оронд шударга хөдөлмөр эрхлэж байгаа гадаадын иргэдийг авилгалчдаас хамгаална.

1.12. Улс төр, нийгэм эдийн засгийн бүх хүрээнд Монгол үндэстнийг мэдлэгт тулгуурласан нийгэмд шилжүүлэх үндэстний хөдөлгөөнийг бүх бүс нутагт нэг зэрэг төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ.

1.13. Шүүх, прокурор болон цагдааг нам, улс төрийн хүчнээс ангид байлгаж, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлнэ. Ардчилал нэгэнт ард түмнийг төрийн эзэн гэдэг тул ямар ч шүүхийн болон хуулийн байгууллагууд тогтоол шийдвэрээ “ард түмний нэрийн өмнө”-өөс гэсэн үгээр төгсгөх ёстой.

1.14.   Сонгуулийн хуулинд төр ба ард түмний хооронд гэрээ байгуулах заалтыг нэмж оруулах ба ингэснээр төрд ард түмний хяналтыг тогтоож, хариуцлагатай улс төрийг бий болгоно.

Гурав дахь Хүчин

“ГУРАВ ДАХЬ ХҮЧИН” ЭВСЭЛ

Cонгууль 2012

 

Хамуг Монгол сонин

шинэ дугаар