fbpx

Панмонголизмын төлөө зоригтой дуугарч, Монголынхоо төлөө “чөтгөртэй” ч нийлэхэд бэлхэн явсан буриад-монгол эр Элбэгдорж Ринчино

2017-11-28 846

 

1919 оны 5-р сард болсон Нармай (нэгдсэн) Монгол улс байгуулах Читийн бага хурлын тухай олон улсад зөв ойлголт төрүүлэхийн тулд Э.Ринчино Бүх Оросын Коммунист намын (большевик)Төв Хороонд бичсэн захидалдаа “Хэт барууны болон зүүний үзлийн тухай ярьж миний Панмонгол (Нармай Монгол) үзэлтэй хамааруулан муучлан хашгирч байдгийг би одоог хүртэл ойлгож чаддаггүй юм.

Панмонгол үзлийн дор миний бие ойлгохдоо энэ бол үндэстний “Өөрийгөө то-дорхойлох” буюу монголчуудын нэгдэл болой… Үүнээс өөр Панмонголизмыг би сонсоогүй, мэдээгүй. Коминтерны 6-р конгрессын шийдвэрт “Империализмаас болж тарж салцгаасан үндэстнүүдийн бүлэглэлүүдийг нэгтгэх явдал нь мөлжлөгдөн дарлагдсан, тарж бутарсан, колоничлогдсон бүс нутгийн ард түмнүүдийн империализмын эсрэг явуулах Үндэсний эрх чөлөөний хувьсгалын нэг гол бодлого болсон” хэмээсэн бөлгөө. Иймд Монголын ҮЭЧХ-ын тухай миний бие ярьж, хэлж бичихдээ үүнээс зөрсөн гажсан зүйл хийгээгүй бөгөөд өөр зүйл биднээс хайгаад ч хэрэггүй” хэмээж байжээ.

Панмонголизмын төлөө зоригтой дуугарч Монголынхоо төлөө “чөтгөртэй” ч ний-лэхэд бэлхэн явсан энэ буриад-монгол эрийн тухай дурсахыг цаг хугацаа шаардаж байгаатай уншигч та санал нэгдэх буй заа.

1888 оны 5-р сарын 16-нд Баргужин хошууны Баргужины талын думын Харгана хэмээх газар Сэлэнгэдурын омгийн удирдлагын ахлагчийн гэр бүлд Элбэгдорж Ринчино хэмээх нэгэн хөвүүн мэндэлжээ. Элбэгдорж Улюны (Улааны) явуулын сургуульд сурч анхан шатны боловсрол эзэмшсэн бөгөөд улмаар Баргужины хотын сургуульд орж суралцав.

Уг сургуулийг төгссөний дараа 1905 онд Верхнеудинск (Одоогийн Улаан-Үүд хот. Ш.П) хотод реальное училишед (Дунд сургууль юм. Гэхдээ энэ дунд сургуульд хэл бичиг заадаггүй. Тооны болон байгалийн ухааны хичээлийг заадаг Хаант орос улсын боловсролын нэг шатлал Ш.П) сурч байгаад Троицкосавскийн реальное училище-д шилжин ирж суралцсан байна. (Троицкосавск-одоогийн Хиагт хот. Ш.П) 1907 онд Томск хотод очиж Технологийн дээд сургуулийн Ерөнхий боловсролын дамжаанд орж суралцаад 1908 онд гимназийн шалгалтыг шууд бие даан өгч Петербургийн Их сургуулийн хуулийн факультет-д элсэн орж 1914 он хүртэл тэнд суралцсан гэдэг.

Ринчино Оросын анхны хувьсгалын үеэс л (1905 оны) эхлэн хувьсгалын үйл хэрэгт оролцсон байна. 1906-1907 онуудад социалдемократ намын гишүүн байгаад 1907 онд үзэл бодлоосоо шалтгаалан түүнээсээ гарчээ.

Томскт байхдаа нэрт орон нутаг судлаач Г.Н.Потанины нөлөөгөөр оюутны “хууль бус” дугуйланд оролцож, социалист хувьсгалчидтай ойртон нягтарч, Сибирийн дарлагдсан ард түмнийг чөлөөлөх нийгмийн хувьсгал хийхийг уриалж явсныхаа төлөөнөөс шоронд хүртэл орж байсан байна. Шоронгоос гараад дээр дурьдсан Петербургийн Их сургуульд элсэн орсныхоо дараа мөн л оюутны хөдөлгөөнүүдэд оролцож, 1910-1911 онуудын нийт оюутнуудын хичээл хаялтын үеэр Петербург дэх Сибирийн оюутны холбооны зүүний хувьсгалчдын жигүүрийг толгойлон оролцсон аж. 1910 онд Элбэгдорж Ринчино Н.Амгаевын хамтаар “Монгол-Буриадын шинэ цагаан толгой”-г зохиолж, Аламж-Мэргэн нэрийн дор “Монгол-Буриадын яруу найргийн түүвэр зохиол”-ыг эмхэтгэн гаргаж, энэ завсар Эрхүү, Өвөр Байгаль нутгаар явж хувьсгалын ухуулга сурталчилгаа хийж, Буриадын залуучууд, оюутнууд, багш нарын эх оронч сэтгэлгээг дэвэргэж байв.

Элбэгдорж Сибирь нутаг эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, Европын зах зээлд Хойд мөсөн далайгаар дамжин гарч, тариа буудай, цөцгийн тосны бүтээгдэхүүнийг борлуулахыг байнга санал болгож байсан байна.

1915-1916 онуудад Монголыг судлах Виттегийн эдийн засгийн статистикийн экспедицид оролцож, энэ экспедицийн судалгааны ангийг толгойлон Өргөөгөөс Хөвсгөл хүртэл явж дараа нь өмнө зүг Говь хүртэл, дээшээ Онон, Туул, Хэрлэн гол хүртэл цаашлан Манжуур хүртэлх замыг туулан судалгаа хийсэн гэдэг. Энэ экспедицийн бүрэлдэхүүнд Сибирийн хувьсгалчид болох Парняков, Давыдов нар байсан бөгөөд тэд хамтаараа Оросын нөлөө бүхий түшмэл С.А.Козин (Нөгөө мод бэлтгэлийн зөвшөөрөл олгодог байсан Козин бөгөөд одоо ч хүртэл мод бэлтгэлийн зөвшөөрлийг түүний нэрээр монголчлон “Гоожин” гэдэг бөлгөө. Ш.П) Барон Витте нарын эсрэг тэмцэл өрнүүлдэг байсан юм билээ. Энэ экспедицид байх хугацаан-даа Элбэгдорж Ринчино замын тэмдэглэл болгон “Монголын эдийн засгийн дүүр-гүүд”, “Монголын Бөө зүй” зэрэг өгүүллүүдийг бичсэн бөгөөд Монголын тусгаар тогтнолыг баттай хамгаалахын тулд “Сибирь” хэмээх сонинд “Алс Дорнодын Бал-кан” нэртэй цуврал нийтлэл хэвлүүлж байсан байна.

Энэ экспедиц буцсаны дараа 1916 оны сүүлчээс Ринчино Хоршооллогчдын холбооны Өвөр Байгалийн мужийн статистикийн тасгийг толгойлон ажиллав. 1917 оны 2-р сард Оросын хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг Ринчино Чита хотод дэмжин угтаж, шууд л максималистуудын социал-хувьсгалчдын намд гишүүнээр элссэн бөгөөд бусад санал нэгт нөхдийн хамтаар өөрийн үйл хэргээ Монголын тусгаар тогтнол, нэгдэл, өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхийн төлөө зориулахаар шийдсэн байна. 1917 оны 3-р сард Чита хотод Буриадын Үндэсний түр хороо байгуулагдан түүний нарийн бичгийн даргаар Ринчино сонгогдов. Буриадын үндэсний хороо (Бурнацком) Буриад-Монгол аймгууд нутгийн удирдлагын захиргааг байгуулах, соёл, боловсрол гэгээрлийг хөгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулж байлаа.

1917 оны 10-р сард Верхнеудинскд Бүх буриадын Их хурал хуралдаж Төв Бурнацком-ыг байгуулан тэргүүнээр нь Элбэгдоржийг сонгожээ. Бурнацком зөвхөн большевикуудаас ч бус бүх социалист намуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Засгийн газар байх нь зөв зүйтэй хэмээн үзэж байв. Дараа нь хязгаар нутагт Зөвлөлт засаг тогтооход Өвөр Байгалийн зөвлөлүүдийн их хуралд Ринчино ажиллаж эхлэсэн бөгөөд мужийн хувьсгалт цэргийн хорооны гишүүн, Семеновын эсрэг фронтын хээрийн штабын гишүүн зэрэг албан тушаалд сонгогдон ажиллаж байлаа.

Бурнацком болон түүний гол удирдагчдын нэг болох Ринчино нар хязгаар нутагт Зөвлөлт засаг тогтохыг хүлээн зөвшөөрч байсан боловч зөвхөн Бурнацкомын бие даасан байдлыг хадгалж үлдэх, тэдний байгуулсан аймаг хошуудын зохион байгуулалтыг эвдэхгүй байхыг хүсч байв.

Гэсэн хэдий ч Большевикуудын нэг намын засгийн газар байгуулах гэсэн санаа, бусад ардчилсан-хувьсгалч хөдөлгөөнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан зэрэг нь тэдэнд огт таалагдсангүй. 1918 оны хавар Өвөр Байгальд байдал хүндэрч дотоод, гадаадын хувьсгалын эсэргүү нар Зөвлөлт засгийг унагаж орхив. Энэ үед Элбэгдорж бусад большевик хувьсгалчдын хамтаар түр хугацаанд нууц байдалд орж 1918 оны 3-р сарын 27-нд хувьсгалт цэргийн штаб байгуулан Ершов, Шилов, Балябин нарын хамтаар эсэргүү нарын эсрэг ажиллах болжээ. Үүний хажуугаар Ринчино атаман Семеновын засаглалын дэглэм дэх ил байгууллагад ажиллаж байсан нь нууц биш юм. 1918 оны 5-р сарын 23-нд Бурнацком хуралдаж гадаад, дотоодын хувьсгалын эсэргүү нарын эсрэг тэмцэхийн тулд өөрийн зэвсэгт бүлэглэл буюу морин отрядтай байх нь зүйтэй хэмээн үзэж аймаг бүрээс цэрэг татах замаар Улаан цагдаа хэмээх үндэсний гвардийг байгуулахаар шийдвэрлэв. Бурнацком “Улаан цагдаа”-г байгуулах командлалын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх ажлыг Ринчинод даатгаж, түүнийг Бурнацкомын тэргүүний сонгуульт ажлаас чөлөөлжээ. 1918 оны 6-р сарын 13-н гэхэд Ринчино Бурнацкомын шийдвэрээр Сэлэнгэ, Баргужин, Хорь, Агийн зэрэг аймгуудын Улаан гвардийг зохион байгуулахаар томилогдов.

1919 оноос эхлэн Элбэгдорж Ринчино Нармай Монгол улс байгуулах үйл хэрэгт гар бие оролцож, Монголын олон аймаг ард түмнүүдийг нэгдсэн нэгэн төрийн дор Их Монгол улс байгуулахын төлөө тууштай тэмцэж байлаа.
1919 оны 2-р сарын 19-нөөс 25-ны хооронд Өвөр Байгаль, Чита, Зүүн хойд Хя-тадад бүрэлдээд байсан бүс нутгийн цэрэг, улс төрийн онцлог байдлыг ашиглан Чита хотод Бүх Монголын бага хурлыг зарлан хуралдуулав. Уг бага хуралд Э.Ринчино идэвхтэй оролцож Нармай Монгол Улсын Засгийн газрыг (түүхэнд Дагуурын Засгийн газар хэмээн тэмдэглэгддэг. Ш.П) байгуулахад нөлөөтэй үүрэг гүйцэтгэж, Өвөр Монголын ноёдын Манжийн засаглалын хэлбэрийг даган дууриаж төстэйгээр хэрэглэх гэсэн санаархалыг шүүмжилж, шинэ ардчилсан засаглалын хэлбэр чухал болохыг санал болгож байжээ.

Читийн бага хуралд Ононгийн буриад атаман Семенов (Буриад ээжтэй, орос аавтай. Ш.П), Япон цэргийн ахмад Сузуки, цагаантны офицер Волгин нарын хүмүүс оролцсон байна. Ийнхүү Их Монгол улсын Засгийн газрыг байгуулж Ерөнхий сайдаар Мэндбаяр, Цэргийн сайдаар Ван Найданжав (Зоригтбаатар Э.Тогтохын үеэл дүү, нөгөө “Улаан туг” хэмээх хувьсгалт цэргийн дууны урвасан хулгай Найдан ван. Ш.П), Дотоод хэргийн сайдаар Бодлогот баатар гүн Цэнд, Гадаад хэргийн сайдаар Ж.Цэвээн (Эчнээгээр Ш.П) нарыг баталж, Сангийн сайдын албан тушаалыг Ар Монголоос томилохоор үлдээж байсан гэдэг. Саяхан болтол энэ Читийн бага хурал болон Их Монгол улсын Засгийн газрын үйл явцыг Пан Монголын хөдөлгөөний бүтэшгүй сөрөг үйл явц мэтээр тайлбарлаж байсан нь ямар нэг байдлаар Сибирь, Өвөр Байгалийн ард түмэнд дарлал, талхидалын хар мөр үлдээсэн зарим нэг цагаантны офицерүүдтэй холбогдож байсантай холбоотой бололтой юм билээ. Гэхдээ үүнийг зөвхөн шууд атаман Семеновтой холбохыг хүссэнгүй. Атаман Семеновын явуулж байсан бодлого дотор Монголоо гэсэн нууц далд санаа байсныг үгүйсгэж болохгүй ээ. Үүнийг ойлгож байсан Ринчино хожим нь Семеновын тагнуул байсан хэмээн нэр хоч зүүж байсан бөлгөө. Элбэгдорж Ринчино Монголоо авч үлдэхийн тулд “чөтгөртэй” ч нийлэхэд бэлэн байсан нь тэрбээр Коминтернд орсноос шууд харагдана.

1919 оны сүүлчээр Э.Ринчино Хорийн аймгийн Кульск сууринд байгуулагдсан Партизаны штабын даргын орлогчоор томилогдож, Зөвлөлт засгийн ажилд эргэлт буцалтгүй орсон байна. 1920 онд Элбэгдорж ЗСБНОУ-ын гадаад хэргийн яамны Сибирийн төлөөлөгчдийн газрын Азийн товчооны даргаар томилогдов.

1920 оны 10-р сард Э.Ринчино, Буриадын хамба лам Агваандоржийн хамтаар Бакуд болсон Дорно дахины ард түмнүүдийн их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзаж, Сибирийн ард түмнүүдийн өөртөө засах эрхийн чухлын тухай санал солилцож байсан гэдэг.

Энэ үеэс эхлэн Элбэгдорж Ринчиногийн амьдрал Монголын улс төр, эдийн засгийн амьдралтай нягт холбогдон, Оросын коммунист намын (большевик) Сибирийн мужийн товчооны Дорно дахины ард түмнүүдийн секцийн Монгол-Түвдийн хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад дараа нь Коминтерн Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын яг дээрхтэй адил хэлтсийн даргаар томилогдсон байна. 1920 оны 9-р сард Верхнеудинект Монголын хувьсгалчид цугларан хуралдаж, цаашдын ажлын төлөвлөгөө стратегиэ боловсруулахдаа Элбэгдоржийг урьж оролцуулсан байна. 1921 оны 4-р сараас Ринчино Ардын хувьсгалт түр засгийн зөвлөх, (Алтанбулагт Ш.П) Монголын Ардын журамт цэргийн зөвлөлийн гишүүнээр хавсран гүйцэтгэн ажиллаж байлаа. 1921 оны зун аль учир нь олдохоо байсан (Сүй Сү жан, Автономит эрхтэй Монгол улс, Барон Унгерны засаг захиргаа аль нь юм бүү мэд. Ш.П) феодалын теократ маягийн цэргийн эрхтний хэлбэрийн засаглалуудыг унагаж БНМАУ-ыг байгуулав. Элбэгдорж Ринчино энэ үйлсэд Цэргийн зөвлөлийн даргын эрх хэмжээнд оролцож Барон Унгерн, Бакич нарын цагааны дээрэмчдийн цэргийн бүлэглэлүүдийг бут цохиход нилээд голлох үүрэгтэй оролцжээ. Элбэгдорж жанжин Сүхбаатартай ойр дотно ажиллаж, ардын ардчилсан засаглалыг тогтоох, ардын хувьсгалт цэргийг бэхжүүлэх, гадаад, дотоод харилцааг сайжруулахад гар сэтгэл нийлэн ажиллаж байсан байна. Харин түүнийг жанжин Сүхбаатарын үхэлд буруутгаж зарим нэг түүхчид ярьж бичдэгийг нилээд ултай суурьтай үзэж үнэн зөвийг ялгах цаг болсон болов уу хэмээн үүнийг бичигч би бээр үздэг.

Ойртон дотносож, найзлаж нөхөрлөж явсан нөхөд “уруул дордойвч, элэг дордойдоггүйн” ардын ёс журамт сургаалийг тэд л сахихгүй юм бол хэн сахих ёстой байсан юм бэ? Монголчуудын ёс жудаг бол үеийн үед үлдэх том гүн ухаан билээ.
1922 оноос тэрбээр Монголын Ардын намын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон байна. “Монголын үнэн” сонины анхны дугааруудын нийтлэлийн бодлого хөтөлбөрийг боловсруулахад Э.Ринчино хүчин зүтгэж байсан нь хэн бүхэнд тодорхой бөлгөө.
Элбэгдорж Ринчино МАХН-ын III их хурлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж, улс орноо капиталист бус замаар хөгжүүлэх гэсэн гол санааг гаргаж тавьсан байна. Энэ их хурлын үед Элбэгдорж Ринчино, Данзан нарын хооронд Цэрэндорж нарын этгээдүүд яс хаяж, гал залуу насны аагаар асч байсан залуусыг муудалцуулан эцэст нь С.Данзангийн нь үхлээр дууссан явдалд мөн л Элбэгдоржийг буруутгах гэж үздэг. Бодит байдал ямар байсныг “МАХН-ын III их хурал” хэмээх улаан номноос сайн тунгааж уншвал харагдах буй заа.

Тэр Монгол улсын 1924 оны анхны Үндсэн хуулийн үзэл санааг зохиолцож Ардын их хурлаар батлуулж байжээ. Элбэгдорж Ринчино Монголын дотоод хэрэгт нь байнга оролцож байсан Коминтерн болон Зөвлөлийн оны янз бүрийн төлөөлөгчидтэй тууштай тэмцэж байлаа.

Монголчуудтай харьцахдаа захиран тушаах хандлага болгонтой Ринчино тэмцэж Чичеринд хүртэл захидал бичиж байв. Ардын хувьсгалын анхны гишүүдэд нэгдсэн Монгол улс байгуулах, шинэ Монголын улс төрийн байгууламжийг зохистой байлгахын тулд дэвшилтэт үзэлтэй Жалханз хутагт, Цэцэн хан Наваанцэрэн, Хатанбаатар Магсаржав нарын ихэс дээдэстэй үзэл бодлоо солилцож байсан гэдэг.

1926-1927 онуудад Э.Ринчино Улаан профессорын дээд сургуульд орж суралцаж төгсөөд 1937 он хүртэл Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд (КУТВ) профессороор ажилласан байна.

1930 онд Бүх холбоотын коммунист намын орлогч гишүүн болсон гэдэг. 1937 оны 6-р сарын 19-ны өдөр Э.Ринчинод зохиомол улс төрийн хэрэг үүсгэн панмонголист, Японы болон атаман Семеновын тагнуул хэмээн буруутгаж 1938 оны 6-р сарын 23-нд буудан хороожээ.

Элбэгдорж Ринчино бол уран сэтгэгч, соён гийгүүлэгч, утга зохиол судлаач байсны зэрэгцээ Панмонгол үзлийн томоохон номлогч байсан юм. Түүний бичсэн “Их гүрнүүд ба Монголын тусгаар тогтнол” хэмээх бүтээл нь өнөөг хүртэл Монголоо гэсэн сэтгэлтнүүдийн ширээний унших дуртай нийтлэл болсныг энд дурьдахад таатай байна.

Одоо цагийн буюу ирээдүйн монгол залуучууд, олон түмэн минь ард түмнээ хайрлан улс орноо нэгтгэхийн төлөө амь хайргүй тэмцэж явсан эрхэм хүмүүсийг хэлмэгдүүлэлтийн хар үүл яаж дайрч байснаас санаа аван энх мөнхөд сонор соргог байж, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхийн тулд бүх оюун санаагаа зориулаасай билээ хэмээн ерөөгөөд энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Монголчуудыг мөнх хөх тэнгэр нь үүрд ивээж байг!!!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

321 сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 321 сүм хийдийн үй

2020-02-27

Уул, жалгаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулав

Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөд

2020-02-27

Гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг тусгай цагийн хуваариар явуулахаар боллоо

Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийс

2020-02-26