Дэлхийн шатрын Найм дахь аварга МИХИАЛ ТАЛЬ

Бямба, 10:08 минутанд
Bookmark and Share
Дэлхийн шатрын Найм дахь аварга МИХИАЛ ТАЛЬ

Хүмүүс Тальд дэлхийн аваргын хэн хэнээс ч илүү хайртай. Шатрын яруу тод авъяас, даруу зан төрх, хурц мэргэн авхаалж, гэмшингүй мишээл, уян зөөлөн зан, сайхан аашинд нь хайртай. Энэ бүхэн нь бурхан тэнгэрийн шинж төрхийг огтхон ч агуулаагүйг мэдсээр атал хайрлацгаах ажээ. Харамсалтай нь Тальд “зан төрх” ер нь заяагүйг ойлгож ухаарцгаасан байнам.
Хавь ойрынх нь хүмүүс үүнээс болж шаналж тарчилна гэхэд бас ч учиртай. Яахав явж буй юмандаа хожимдож, ээлжит амлалтаа биелүүлэхгүй, хэн нэгийг чадна л биз. Гэхдээ Миша руу хүүхэд шиг уурлаж болохгүй шүү дээ. Харин зан төрх заяагаагүй нь Мишаг авъяас билгээ мохоох, уран бүтээлийн хэвийн үйл явцыг зориуд саатуулахад хүргэдэг шиг байна.

Нэгээхэн жишээг дурдъя. Талийн лагшин тулиурхан байсаар байтал тамхи татан, татах татахдаа бүр тамтаггүй их татдаг байна. Тэгээд ч Ботвинник түүнд зориулж бичихдээ:
“… Тамхи татах нь тоглолтонд хортой нөлөөлдөг. Тамхи татдаг шатарчны ажлын чадвар жил ирэх тутам эрс буурна. Манай шатрын их мастеруудын дотор тамхи татдаг хүн цөөн байгаа нь санамсаргүй хэрэг бус” гэжээ. Тэгээд юу болов доо? санаснаар огт өөрчлөгдсөнгүй.
Талийн спортын амжилт огцомхон өөрчлөгдсөнийг ойгохын тул Ботвинникийн өөр нэг хэлсэн үгийг дурдах хэрэгтэй. “Урьд нь ширүүхэн мастерууд голдож өөрчлөн тоглогсод байсан юм… Харин өнгөрдөг зууны эцсээр шинжлэн судлах шинэ чиглэл шатарт буй боллоо. Энэ нь манай шатарчид дэлхийн яруу алдрыг хүртэхэд өлзийгөө өглөө. Хэрвээ энэ хэдэн мөрийг бичиж байгаа зохиогч би бээр олны саналаар юуны өмнө шинжлэгч - задлан судлагч юм бол Михиал Таль нь төгс сайн өөрчлөн тоглогч, тактикч хүн мөн”

Өөрчлөн тоглох нь үр бүтээлтэй гэдэг нь мэдээж боловч, ямагт жаахан ойлгомжгүй, нууцат байдлаар хүрээлэгдэн, тэр байтугай илбэ шидийн үнэр ч хүртэл ханхлуулдаг юм. Гэвч дараалан хоёр тэмцээнд буюу хэд хэдэн зэрэгцээ өргүүдэд нэгэн түвшинд өөрчлөн тоглох нь хэцүү юм. Үүнээс гадна тухайлбал, задлан шинжлэх чадвар сайжирч байх тийм эрт үед өөрчлөн өөрийн болгон тоглох чадвар яваандаа урьдаар доройтно. Үүнд Талийн хоёр дахь гай байгаа юм. Юу гэвэл тэр зөвхөн л өөрийнхөөрөө өөрчлөн тоглохоос өөрөөр хандах талаар өөрийгөө хэзээ ч буурь суурьтай ажиллуулж байсангүй.

Михиал Таль 1936 оны арваннэгдүгээр сарын 9 нд Рига хотноо төржээ. Эцэг нь эмч хүн, хүү нь 7 наснаасаа шатар тавьж томчуудын өргийг ажиглан нэг мэдэхнээ шатарчин болжээ. Анги танхим сургуулийн тэмцээн нь түүнийг үе тэнгийнхний нь хамт Пионерийн ордон руу хөтлөв. Жинхэнэ ууган багш нь урам зоригтон Я.Крузкоп байлаа. Дараа нь залуу туршлагатай А.Кобленцын уран бөгөөд халамжтай гарт оржээ. Анхныхаа том ялалттай (Литвийн тэргүүн шалгаруулах тэмцээнд) 1953 онд золгож, жилийн дараа мастерын цол булаалдах халз тулаанд түрүүлжээ.
Тэр үед л өөрийнхөөрөө өөрчлөн тоглодог арга барил нь хорлонгоо үзүүлжээ. Улсын аварга шалгаруулах XXIII тэмцээний хагас шигшээд Таль нэгд орж, шигшээ тэмцээнд (одууд байхгүй ч гэсэн) 5-7-р байр, дараагийн хагас шигшээд дөнгөж 5-6-д сүүлчийн хасагдах байр эзэлжээ. Талийн улсын аварга шалгаруулах XXIV тэмцээнд оролцсон нь ач холбогдлоороо Ботвинникийн улсын аваргын VII тэмцээнд орсонтой адилтгаж болохоор дэн дун дээсэн дөрөөтэй юм болов. Тбилисийн хагас шигшээд хэн нэгэн хүн өрөгт арай олигтой юмуу барагтайхан нэг нүүсэнсэн бол бид Талийн 1957 оны нэг хоёрдугаар сарын үлгэр дууриалыг үзэхгүй өнгөрөх байсан билээ.

Шатрын Москва тэр өдрүүдэд баяр хөөрөөр бялхаж, гэнэтийн аваргын хаягаар эх орны өнцөг булан бүрээс баярын цахилгаанууд хөвөрч, нэр цуутай гадаадын сэтгүүлчид “Таль гэдэг нэрийг цээжилж ав!” гэсэн гарчигтай дуулиант мэдээг нийтэлж байв. Хичнээн ч уламжлал нэгмөсөн алдагдав даа!
Мастер хүн улсын аварга боллоо. Аварга шалгаруулах тэмцээнд оролцогч их мастеруудын тоо үлэмж нэмэгдсэн дайны дараах тэргүүн шалгаруулах тэмцээнээс аваад ийм явдал гарч байсангүй. Хорин настай хамгийн залуу хоёр шатарчны нэг нь улсын аварга болжээ. Ийм явдал 1931 онд Ботвинникийг аварга болоход л нэг болсон юм. 
Мастер хүн тэрхүү элжит тэмцээнд найман их мастерыг ардаа хийсний дөрөв нь дэлхийн аварга булаалдах өрсөлдөгчдийн халз тулаанд саяхан оролцсон шатарчид байв. тэрхүү толгой эргэм спортын ул суурийн донсолгоонууд ч хүртэл Талийн бүтээсэн илүү чухал зүйлийг халхалж чадсангүй.

Тэрвээр өргөө хорвоо дэлхийгээр довтолгож явахад нэн жир бусын оч бадарсан тоглолтоороо өрсөлдөгч, үзэгчид, бүх шатрын ертөнцийг гайхашруулсан ажээ. Уран бүтээлийн зарим нэгэн зогсолтын байдал бүхий тэр жилүүдэд энэ нь гэнэтийн бөгөөд эрхэм сайхан зүйл байлаа. Спортын амжилтыг ахиулах зорилготой тэмцлээс хойш суух “ажил хэрэгч” хандлага нэлээд нөлөөтэй байв. Гэтэл шал ондоо, амжилт өөд үлэмж давуу үр бүтээлтэй замнагч залуу гараад иржээ. Халдашгүй дархан юм шиг сургаалыг зүрхлэн эвдэх арга зам нь зориг байвал “хэргээ бүтээнэ” гэдэг нь мэдээж.

Тэгээд, шатрын ертөнцөд Талийн хаанчилсан дөрвөн жил эхэллээ. Улсын аваргын тэмцээнд бас нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Дэлхийн аваргын, бүс хоорондын өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж, халз тулаанд Ботвинникийг хожжээ. Насанд хүрэгсэд болон оюутны олимпиадуудад “дашрамд нь” оролцож, Европын багийн тэргүүн шалгаруулах тэмцээнд Таль 80 хувийн оноо авч Цюрихт болсон олон улсын том тэмцээн, Стокгольмын бага шиг тэмцээнд түрүүлжээ.
“XX зууны гайхамшиг”, “Таль бол орчин үеийн Морфи мөн”, “Азтын Азтын Азат хүү”, “Таль учраагаа ховсдож байна” хэмээн сэтгүүлчид өөрсдийнхөө дур татах хир хэмжээг үзүүлж, Талийн “нууцыг” нээхийг оролдон гоёж чимэглэн өгүүлэх болов. 1959 онд Югославд болсон өрсөлдөгчийн ээлжит тэмцээний дараа В.Рагозин нэлээд гүн гүнзгий, ул суурьтай уран бүтээлийн хөрөг бүтээсэн билээ.
“Нэгд ямар ч үнээр хамаагүй, олонтаа сул хаяхыг үл тооцон (байрлалаа сулруулж байгаад ч гэсэн) санаачлагыг гартаа авахыг эрмэлзэх, хоёрт боднуудаа ягштал хөллүүлж, төгс хүчтэй байлгах, гуравт хөлөг дээрх зонхилох хүчин болох ноён руу хүчээ төвлөрүүлэх, дөрөвт тулалдааны явцад өгөөш чулуудах эрс өөрчлөлт хийх (Таль аль ч байрлалд чадмаг ашигладаг нь осолтой зэвсэг байж мэдэх юм) тавд харилцан хадаргаатай тодорхойгүй байрлалд хулчийдаггүй байв. Эдгээр үндсэн шинж нь Талийн тоглох барилыг бүрдүүлдэг” гэжээ.
Шатрын ширээний ард тун тоотойхон сууж, цаашид задлан шинжилмээр аядаад Талийн бодол санааг няцааж чадах юугаа олохов дээ! гэдгийг нэмж хэлье! Тэрвээр алдаа эндэгдэлгүй гэж хэзээ ч мэтгэдэггүй. Тулааны дөл дүрэлзсэн дайны талбарт үхлийг хойш татах (бодож боловсруулж байх үед) миний бүтээсэн ухааны сорилын учры нь олох гэж оролдоод үз гэж Таль хэлбэл яанаа!

Таль бүхнийг хиар цохигч барил буй болгосон гэдэг дүгнэлт мэдээж хэн ч хийсэнгүй. Таль ч өөрөө тэгэж бодсонгүй. 1960 оны дэлхийн тэргүүн шалгаруулах халз тулааны дараа түүний өгүүлсэн нь “Энэ халз тулаанд уран нүүдлийн сургууль байрлалыг яллаа гэж бодож болохгүй. Халз тулааныг нэг тийш болоход энэ тэр барилын давуу нь үлэмжхэн нөлөө үзүүлсэн бус, М.Ботвинник үнэндээ тулаанд хангалтгүй бэлтгэсэнд л хамаг шалтгаан нь оршино” гэжээ.

Бүгдээр хамгийн хүчтэй гэдэг ч хоцрогдсон гэж хэлж болохоор өөрийнхөө уран бүтээлийн тэр талыг Таль бүхнээс илүү үнэлээгүй. Тэрвээр энд бидний хэсэглэн авч буй арван есдүгээр өргийг яагаад өөрийнхөө шилдэг ололтонд тооцов гэвэл, энд тоо томшгүй унжирсан хувилбар үгүй, байрлалын ерөнхий ойлголтод баримжаалж болохуйц учир л тийн үзжээ.
Талийн суут “дөрвөн жил” халз тулаанд ялалт авч шувтарлаа. Гэхдээ энэ дөрвөн жил тун хиргүй тунгалаг байв уу? гэвэл тэгэж хэлж болохгүй. Хоёр тоглолты нь барагтайхан ёс төдий болсон гэж үзвэл таарна. Тухайлбал ЗХУ-ын аварга хүн Латвийн тэргүүн шалгаруулах тоглолтонд гуравт орж, өрсөлдөгчдийн тэмцээнд түрүүлсэн байж Ригийн олон улсын тэмцээнд дөрөвт орсон нь тун чамлалттай. Эхнийхдээ арван есөөс 16.5 оноо, дараа нь арван гурваас есөн оноо авчээ. Хэрвээ нөгөөдүүл нь яахын аргагүй ер бусын хурдаар өсөөд байгаа юм бол яана гэх вэ дээ.
ЗСБНХУ-ын бүх ард түмний спартикиадад тоглосон нь ондоо хэрэг. Тэнд онооны тэнцвэр (8-аас 2.5) байсан нь туйлын сэтгэлд зохимжгүй ажээ. Таль өвчинд нэрвэгдсэн анхны тохиол байсан юм. Тиймээс ч байдал тийнхүү өөрчлөгдсөн байлгүй.
1961 оны даагаа нэхэх халз тэмцээнд Талийн өвөрмөц тоглолт нь тусгай бэлтгэсэн “хөтөлбөрт” хиар цохигдож эхлэв. “Таль хувилбараа надаас илүү оновчтой нүүж, олон нүүдэл боддог гэж үздэг боловч ихэнх өрөгт би тэр илүү талыг нь гойд газар авахуулахгүйгээр атгаж чадсан юм” гэж тоглолтынхоо тухай Ботвинник олон жилийн хойно хэлсэн юм. Хожим нь Тальд бас бус урагшгүй явдал тохиолдсон авч хэн ч хэзээ ч яв цав тохирох “түлхүүрий нь олж” бараагүй дээ.

Талийн тоглолтын түвшин 7 жил хиртэй гойд өндөр байв. 1962 онд Кюрассад явагдсан (өвчин нь хэтрээд тоглолтоо гүйцээж ч чадаагүй) өрсөлдөгчдийн тэмцээнийг тооцож болохгүй. Дэлхийн аваргын төлөө үзэлцэх тулалдааны дараагийн мөчлөгт Таль Спасскийтай тоглох өрсөлдөгчийн жишээ тулаанд хүрч, урьд нь хагас шигшээ хүрэхийн өмнө Корчнойтой учирсан байна. Блед, Мишкольц, Кисловодск болон Пальма де Мальоркийн олон улсын тэмцээнд түрүүлж, Сараевт тэргүүн байр хувааж, Гавана, Москвад (нэг дуу тэргүүн шанг ганцаар хүртэж) Будва, Вейк ан Зеед дээд бай хүртээд, улсын аваргын тэмцээнд гурван удаа эхний гуравт орж олимпиад, Европын багийн тэргүүн зэрэг тэмцээнүүдэд хоёр удаа амжилттай тогложээ.

Таль өргөөрөө шатарч олныг урьдын адил баярлуулсаар л түүний уран нүүдлийн гярхай хараа бусдын нүднээ нууцаа хадгалан үлдэх бололцоог хангажээ. Бүхий л цуутай шилдэг өрөг, өдий төдий тоглолт жагсаан Талийн хөргийг бүтээж болохгүй.
Ой тойгоороо… Тэр бол бүх гарамгай шатарчдын адил л итгэшгүй уран сэтгэмж бүхий хүн билээ. Зэрэг тоглосон өргүүд, цахилгаан мэт тэмцээнүүдээ Таль цээжээр үзүүлж чадна. Тэрвээр тав зургаан жилийн тэртээх өргөө хөлөггүй, өөр юу ч… тэмдэглэл ч үгүй над хэлж бичүүлсэн бөгөөд шүүмж тайлбар хийж байсан юм.

Хэлний хувьд Орос, литва, англи, герман хэл мэдэх бөгөөд аль ч оронд хэдхэн хоносны дараа тэр улсын хэлий нь гадарлачихна. Белградад байхад нутгийн сонины хуудаснаас над мэдээлэл орчуулж байсан бөгөөд хүмүүстэй хэл амаа ямагт түвэггүй ойлголцдогсон.
Сэтгэлийн хөдөлгөөн… Лекцийн дараа хэрхэн хариулах, телевиз сонирхогчдод шууд үг хэлэх, магнитофоны хальсанд өгүүллээ “хураалгаж” байхы нь сонсоход бахтай. Тэрвээр түргэн зантай, тэвчээр муутай, юм болгоныг үзэж мэдэх гэж адгаж яардаг хүн юм. Шатар тоглохдоо ч тийм яарч адгадаг хүн.
Дэлхийн аварга болох гэж мөн л “яарсан” хэрэг. Бод л доо, дөнгөж хорин гурван насандаа шүү! Талаас өмнө хэн ч болоогүй, лаь хойно нь ч тийм залуудаа дэлхийн аварга болох хүн гарахгүй биз.
Нэг жилийн дараа бас л шатрын хаан ширээгээ орхих гэж “яарчээ”. Түүнээс өмнө ганцхан Смыслов л тэгсэн юм. Мөн дэлхийн хоёр аварга Капабланка, Эйве нар цол алдраа эргүүлж аваагүй билээ.

Таль бусад зартай их мастеруудаа бодвол санаснаас эрт, нэлээн эрт олон тооны бишрэн шүтэгч хүмүүсийнхээ голы нь гонсойлгосон нь тоогүй. Дээр дурдсан долоон жил олонхи “тальчууд” найдвар алдсангүй, гэвч 1969 оны эхээс тэдний дотроос хамгийн хатуу зогсдог хүмүүс ч хүртэл урам нь хугарсан байна. Таль гэтэл дөнгөж л гучин хоёр настай байсан хэрэг шүү!
Хоёрдугаар сард Таль 6 ялалт, 4 ялагдал, 9 хайнцсан дүнтэйгээр улсын аваргын тэмцээнийг дуусгаж 6-10-р байр хувааж эзлэв. Энэ тэмцээнд хүчтэнүүд цөөн оролцсон юм! Шатрын дээд зиндааныхнаас тэр тэмцээнд Полугаевский л тогложээ.
Гуравдугаар сард ялсан нь бүс дундын тэмцээнд оролцох хариуцлагатай халз тулаан Ларсентай хийв. ЗХУ-ын бүсээс дээшээ шалгарч гарах нь ярвигтай байсны учир Талийн хувьд гоц чухал байв. Хүмүүс Тальд итгэцгээж байв. Бронштейн: “Таль бол туршлагатай сэтгэл зүйч хүн. тэрвээр лавтай хуучин барилаа хэд хэд хувилган төрөл бүрийн зэвсгийн баялаг сан эзэмшин, заншил дуурайсан аргаар Ларсений уран мэхийг мөхөөх болно” гэж бичжээ. Харин үр дүн яав гэвэл 5.5:2.5 оноогоор Ларсен илүү гарав.

Таль өөрийнхөө тооцоо алдсан тухай “тэр нь бололцоондоо үл итгэх болгож, алдаа гаргахаас айх сэтгэл төрүүлж” өвөрмөц гинжин урвалд орж байгаа талаа бичих болов. Ямар ч гэсэн алдаагаа тохиолдлын цаг зуурын зүйл гэж үзэж байгааг нь гадарлаж болно. Үнэхээр Талийн хувьд онцгой шинжтэй бус гэдэг нь үнэн болоосой.
Ес арван сард хүчтэй бүрэлдэхүүн бүхий улсын бүсчилсэн аваргын тэмцээн явагдав. “Энэхүү аваргын тэмцээн өвчтэй Таль, Таль биш болохыг ив илт харууллаа”. Үүнээс тодорхой яаж хэлэх вэ дээ. Дүндээ 22-оос 10.5 оноо авч, 14-15-р байрыг хуваажээ.
Гэтэл шатрын ертөнц Талийг данснаас хасах гэж яарсан гэж үү? Оны эцсээр Тбилиси дэх олон улсын тэмцээнд тэргүүн байрыг хувааж, сэтгэл нь сэргэжээ. Эрүүл мэндийн хувьд сүүл сүүлдээ зүгшрэв. “Хэтэрхий их тасалдсан тул миний Тбилисийн амжилт, амжилтаа улам батжуулахыг шаардаж байгааг би сайн ойлгож байна” хэмээн тэрвээр өгүүлсэн билээ. Өөрийнхөө мөрийн хөтөлбөрт зөвхөн л “хуучин Таль” болно гэдэг зорилт тавьсангүй. “Урьдах Талийн тоглолтонд бага бус алдаа дутагдал байсныг би одоо харж байна. Шинэ тэмцээнүүдэд урьдахаа болоод зогсохгүй, болж л өгвөл нэг л шив шинэ Таль болохсон…” гэж хэлсэн нь бас бий.
Хагас жил гаран хугацаа өнгөрөхөд хэзээ ч муугаар үнэлэгдэж “хуучин Таль” цухуймааргүй аятай сайхан арав арван мөрөөр спортын намтар нь зузаарчээ. Үнэндээ дэлхийн хуучин аварга шатрын ертөнцийг авъяас билгээрээ мялаасаар байв. “Таллин-71”-д Керестэй тэргүүн байр хуваажээ.

Таль шатарч түмнийг үймрүүлж хамгийн тэвчээртэй ажиглагчдыг хирдхийлгэн цочоож, шатрын ямарваа нэгэн ер бусын боломжийг даян дэлхийд харуулан, түүний доторхи гоо сайханд хүрэх замыг нээжээ.
Талийн амжилтын тахир шугам хаашаа явахыг хэн ч мэдэхгүй. Бүгд түүний ухаанд багтана гэгч л байх даа. Шатарчин бүхэн тэмцээнийхээ хувь заяаг дархлагчид юм гэж өөрөө ч нэг биш удаа хэлж байсан юм. Харин түүний шатрын соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

ОУШХ-ны шүүгч , Спортын мастер Дархинт Батболдын Нямдаваа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД