Ч. Мөнхбаяр

XX зууны 20, 30-аад онд халимагуудын 98 хувь аймшигт өлсгөлөнд автсан

Нийтэлсэн: 2013-10-28 08:35:44

Өлсгөлөнд автсан халимагуудыг Монгол улс авъя гэхэд, Москва өгснөөс, үхүүлсэн нь дээр гэж шийдсэн

Ленин багш “Казак, халимагуудыг устгах шийдвэр” гаргуулан, халимаг зон олон бүр бүрмөсөн устах дээрээ хүрээд байсан тэр үед Халимаг-Монголын харилцаа хөгжиж байсан сонирхолтой үе байдаг.


…1917 оны хөрөнгөтний хувьсгалын дараа, 3-р сард Халимагт үндэстний удирдах байгууллагууд үүсэж, автономийн шинжийг олж байжээ (Буриадад Бурнацком). В.Ленин “В первую голову калмыкам и бурятам!” гээд, Зөвлөлтийн ард түмнүүд дундаас халимаг, буриадуудад анх автономийг олгосон гэх мэдээлэл байдаг. Ямартай ч гэсэн 1920 онд халимагууд автономитой болсон болой. Гэвч халимагууд зөвлөлт засагт итгэх боломжгүй байв. Дайн, харгислал, нугалаа, завхралууд…
1917 оны 9-р сард халимагийн Тундутов, Тюменев зэрэг үндэсний лидерүүд казакуудтай холбоотон болох нь зүйтэй гээд амьдралд хэрэгжүүлжээ. Казакууд бол Зөвлөлт засгийн эсрэг нэгэн гол хүч, Оросын Вандей гэгдсэн хүчин зүйл байлаа. Вандей гэдэг маань Францын их хувьсгал гэх аймшигт туйлшрал, террорыг эсэргүүцэн босож, эр зоригтой тэмцээд ялагдаж, газрын хөрснөөс арчуулах дөхөн харгислуулсан муж (департамент) билээ.
Тундутов хожим Астраханий казак цэрэг гэдгийг зохион байгуулж, атаман нь болж, казакийн хүрээг өргөтгөж байсан болно. Ийнхүү казакууд, халимагууд Зөвлөлт дэглэмийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд гарч ирлээ. 1919 онд Ленин “Ах дүү халимагуудаа!” гэж байгаад тусгай уриалга гарган, улааны талд орохыг ятгасан. Тэрбээр халимаг цустай болохоороо ч ийнхүү ах дүү хэмээн хандсан байж болох юм. Гэвч нэмэр болсонгүй.
Иргэний дайны дараа Кремль казакуудыг устгах тухай шийдвэрээ гаргав. 11 баг цэрэг гэгддэг 4 сая хүн амыг хүйс тэмтрэхээр шийдвэрлэжээ. Казакууд, халимагуудыг устгах шийдвэр гэж гарсан гэх мэдээлэл их байдаг. Казакууд, халимагууд холбоотон байсан тул тэгсэн ч байж болох юм. Юутай ч атугай Иргэний дайны нэг үр дагавар нь гэвэл 100 мянган халимаг хүн үхэж үрэгдсэн гэдэг.


Халимаг казакууд (бузава) бол бусад казакуудын адилаар шууд устгалд өртөж байсан. Дон, Астрахань, Терек, Урал, Оренбургийн казак цэрэгт олон халимагууд байсан агаад, Доны 30 мянган казак халимаг (ХХ зууны эхээр) хүн 3 дахин (1920 онд) цөөрч байсан.
Нударган баячуудын хөрөнгийг хураах ажиллагаанд халимагуудын 10 хувь амиа алдаж, гэр бүлүүдийн 83 хувь хэлмэгджээ. Большевикууд Халимагийн шашин, үндэсний соёл, ард түмний аж амьдралыг үндсэнд нь үгүй болгов. 1926 онд Халимагт өргөн олны хүчтэй бослого гарлаа. ЗХУ-аас тусгаар тогтнох ч оролдлого ч гарч байлаа.


Баячуудын хөрөнгө хураах нэрийн дор хөдөөгийнхний байдаг бүхнийг хуу хамж байсан нь Ижил хавийн (Поволжье) аймшигт өлсгөлөнд хүргэсэн. Хамгийн их хэлмэгдсэн нь халимагууд юм. 1921-1924, 1932-1933 онуудын өлсгөлөнгийн эхнийхэд 71-72 мянган халимаг хүн өлбөрч үхсэн гэдэг ч үүнээс ч их байж болно. 93 мянган хүн үхсэн гэх тоо бас байдаг.
“Халимагуудын 98 хувь өлсгөлөнд нэрвэгдлээ. Халимагуудын ард түмэн бүрмөсөн сөнөж мөхөх хар өдрүүд үргэлжилж байна. Өлсгөлөн дуусахад 25 хувь нь амьд үлдвэл гайхамшиг” гэж Халимагийн намын удирдагч А.Амар-Санан 1922 онд бичжээ. “Өлсгөлөн, чармай нүцгэн халимагууд зам дагуу хүнс горилон эгнэжээ. Тэд унах нь үхэж байгаа хэрэг юм” гэж А.Пюрбеев бичсэн байна.
1921-1922 онд олон халимаг хотон (тосгон), бүхэл бүтэн Харахус улус оршин суугчид нь үхэж, дүрвэж дууссанаар газрын зургаас алга болжээ. Өлсгөлөнгөөс болж 12 мянган дүрвэгч, 50 мянган орон гэргүйчүүд, 30 мянган хараа хяналтгүй хүүхэд, 76 мянган тахир дутуучууд үүсэж, хижиг, булчин задрах тахал, хумхаа, сүрье өргөн тархжээ.
98 хувь өлсгөлөнд автсан гэдэг нь 2 хувь нь сайхан амьдарч байсан гэсэн үг огт биш юм. Жинхэнэ албан ёсны өлсгөлөнд багтахаар байгаагүй ч ядуу тарчиг, зовлон бэрхшээлтэй л амьдарч байв. Бүхэл бүтэн улс түмнээрээ ингэж өлсгөлөнд автсан тохиол дэлхийд өөр үгүй л болов уу.
Монгол улс халимагуудыг бид авъя гэж олонтаа хүсэж шаардаж байсан ч, Зөвлөлт засаг тэднийг Монголд өгснөөс үхүүлсэн нь дээр гэж шийдвэрлэсэн.
Тэр хүнд бэрх цаг үед Халимаг-Ар Монголын харилцаа идэвхтэй хөгжиж байв. Санаачлагчид нь халимагууд юм. “Улаан” халимагуудын нэгэн удирдагч А.Амур-Санан 1919 оны 5-р сард, “Дорнодын түлхүүр” гэх нийтлэл бичжээ. Түүндээ: Дорнод руу монгол-буддист зам тавих хэрэгтэй, дорнодын ард түмнүүд дундаа большевизмын манлайлагч халимагууд үүнд их үүрэг гүйцэтгэх ёстой, олон сая амтай монгол-буддист ертөнцөд халимагууд Зөвлөлт засгийн үзэл санааг хөтлөн түгээгчид байх учиртай, Монгол бол халимагуудтай цус, шашин, хэл нэгтэй гэхчлэн өгүүлжээ. Мөн “улаан” халимаг лидер болох А.Чапчаев 1919.7.13-нд “Монгол-Буддын Дорнодын хаалга” гэсэн нийтлэл бичиж, Монголд нөлөөгөө тогтоосноор, цаашдаа Түвд, Энэтхэгт нөлөө тогтоох боломж нээгдэнэ гэж дүгнэжээ. Амур-Санан, Чапчаев хоёр Ленинд Монгол Түвдэд зэвсэгт отрядууд илгээе гэсэн захидал бичин дэмжүүлжээ.

 


Амур-Санан Бакуд болсон нэгэн олон улсын хуралд Монголын сэргэн мандалтын гайхамшигт төлөөлөгчтэй тохиолдов гэж сэтгэл өндөр ярьж байсан агаад, тэр нь Монголыг төлөөлөн хуралд суусан Элбэгдорж Ринчино байжээ.
Бас нэгэн “улаан” халимаг лидер, Доны Саалийн тойргийн казак Харти Кануков бол Халимагийн үндэсний үйл хэргийн нэгэн удирдагч, цэргийн зүтгэлтэн, Халимагийн шинэ уран зохиолыг үндэслэгч, “Улаан Хальмг” сониныг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Монголд үйл ажиллагаа явуулахыг урам зоригтойгоор дэмжиж, сайн дурынхныг цуглуулснаар 18 чадварлаг офицероос бүрдсэн баг бүрджээ.
Өнөөдөр нам засаг, хойд хөрштэй холбоотой бүх зүйлийг буруутгах, урд хөрштэй холбоотой бүх зүйлийг зөвтгөх хандлагатай болоод байна. 1921.7.11-нд Харти Кануков нар Нийслэл Хүрээнд Тогтох тайж нарын 110 цогт эх орончийг баривчлан буудсан гэж буруутгадаг болоод байгаа. Тэрбээр хотын комендант байхдаа дайн дажны дараах эмх замбараагүй байдалд автсан нийслэлд онцгой дэглэмийн дагуу дэг журам тогтоох үүрэг хүлээсэн. Янз бүрийн хүнийг янз бүрийн байдлаар шийтгэсэн байх. Цагаантны үлдэгдэл гээд хэлмэгдүүлсэн явдал ч бий байх, жинхэнэ болохгүй бүтэхгүй хулгайч тонуулчдыг ч хатуу гэсгээн цээрлүүлсэн болов уу. Тогтох тайж, Цэвээн тэргүүн зэрэг, энэ өдөр цаазлуулсан гэгдээд байгаа цогт эх орончид 1922 онд цаазлуулсан болно.
Харин Кануков, Дарминов, Очиров, Лижиев, Каблумов, Жамбанов нар Жа ламынхны үйл ажиллагааг таслан зогсооход оролцож, үр дүнд нь Дамбийжанцан (Амурсанаев) амь насаа алдсан нь үнэнтэй. Халимаг “дайсныг” халимагууд нь устгаж өгсөн хэрэг ч юм уу.

 


Эерэг талаас нь харвал тэд харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн Шинэ Монгол улсыг бүтээн байгуулахад их хувь нэмрээ оруулжээ. Монгол улсын цөөнгүй байгууллага манай байгууллагыг үүсгэн байгуулагчдых нэг гээд зураг баримлыг нь тахиж байгууштай юм билээ. Гэтэл заналт дайсан гэж харааж хялайгаад сууж байдаг.
Социализмын үед панмонгол үзэл гарчих болуужин гээд монгол туургатан хүмүүсийн талаарх мэдээллийг аль болохоор нуун дарагдуулдаг байсан. Одоо ч ил гаргахгүй, ил гаргавал ардын дайсан гэж ухуулсан цуврал бичил баримтат кино хийгээд, эсвэл мөн чингэсэн уран сайхны кино, ном зохиол гаргаад байдаг болжээ.
Кануков тагнуулын, армийн, хилийн, залуучуудын байгууллагуудыг үүсгэхэд их хүчин чармайлт гарган ажиллажээ. Хятад улсыг, хятадуудыг тагнах үйл ажиллагаагаар гадаад тагнуулын байгууллагын замналыг ч эхлүүлжээ. Түшээ гүн цол, Байлдааны улаан тугийн одонгийн анхны хэдийн нэгээр шагнуулжээ. Тэрбээр халимагуудыг Монгол улсад нүүлгэн ирүүлэх санал гаргаж байжээ.


Владимир Хува манай армийн жанжин штабын анхны дарга нарын нэг байж, орчин үеийн армийг үүсгэн байгуулахад багагүй үүрэг гүйцэтгэжээ. Цэрэндорж Номинханов Цэргийн яаманд алба хашиж, мөн л хөдөлмөр зүтгэлээ Монгол улсад өргөжээ. Халимаг сайн дурын мэргэжилтнүүд зөвхөн хүчний байгууллагуудын чиглэлээр ажилласангүй. Чапчаев, Бямбаев нар дипломат байгууллагыг бэхжүүлэлцэж, Түвд дэх Монгол улсын ЭСЯ-ны ажилтнуудаар зүтгэлцэж явав.
1922.1.22-нд Монголын засгийн газар халимагуудыг нүүж ирэхийг урьсан, шилжин суурьшигчдад эд мөнгөн тусламж үзүүлэхийг амласан, хэдэн жил татвараас чөлөөлнө гэсэн №105 тогтоолоо гаргаж байжээ (НА РК. Ф. Р-137. Оп.1.Д.4.Л.191-191 об). 5000 буриад хүнийг Монголын харьяат болгох, ЗХУ дахь монгол түмнүүдийг (монгольские народы) Монгол улсад нүүлгэж ирүүлэх хүсэлтийг Монголын ЗГ Зөвлөлтийн ЗГ-т тавьж байсан байна (мөн тэнд Л.187-185). Хойд хөршөөс Монголд 15800 буриад хүн нүүж ирж байжээ. Тэдгээрийн ЗХУ Октябрийн хувьсгалаас зугтагсад цагаантнууд гэхчлэн үзэж, буцааж авах хариуцлага хүлээлгэхийг зорьдог асан бол Монгол улсын иргэнээ болгоно, Зөвлөлт гэх монгол туургатныг нүүлгэж ирүүлнэ, Туваг авна, Монгол туургатан нэгдэж нэгэн гэр улс болно гэсэн байр суурийг л тууштай илэрхийлж, хойд хөршөөр буулт хийлгэдэг ч байсан болно.


Халимаг-Ар Монголын харилцааны зарим зүйлээс дурдахад ийм.
Магадгүй “улаан” халимагууд гэгдэх тэр офицерууд гашуун зовлонд өртөн байсан өөрийн зон олныг аврах хүсэлдээ хөтлөгдөн Монгол улсад ирсэн байж ч болох юм. Кануков Монгол улсад халимаг зоныг нүүлгэн ирүүлэх санал гаргасан. Тэгвэл Монгол улсын ЗГ халимагуудыг ирүүлэх хүсэлтийг Зөвлөлтөд тавьж, хариуг хүлээлгүй халимаг түмнийг урьж уриалж байсан байгаа юм. Халимагууд тэр үед Монголын ЗГ-т багагүй нөлөөтэй байсан нь мэдээж. 1921-24 оны өлсгөлөнгийн үед Ар Монголчууд халимагуудыг үнэхээр өрөвдөн шимширч байлаа. Тэр л үед ир гэж урьж, залж байсан юм шүү дээ. Хэрэв ирсэн бол...

Ч.Мөнхбаяр

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ тун зөв зүйтэй юм бичжээ. Мэдэж авууштай юм байна. Амжилт хүсье

    Зөв, 2013-10-28 12:21:17, 103.26.194.2Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: